Дараалан ГУРАВ дахь удаагаа сайдаар томилогдохыг МАН-ын гишүүд “дэмжихгүй“ гэжээ
Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон учраас шинэ ерөнхий сайд, түүний кабинетын сайд нарын нэрс эдгээр өдрүүдэд яригдаж буй.
Тэгвэл МАН-ын бага хурлын гишүүд төдийгүй, нийт гишүүдийнх нь зүгээс албан ёсоор нэг саналыг дэвшүүлсэн нь гурав дахь удаагаа сайдын суудалд суух "тусгай эрх" гэж байх ёсгүй хэмээн илэрхийлжээ.
Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ХОЁР удаа улиран томилогдож, сайдаар тасралтгүй ажилласан найман УИХ-ын гишүүд байгаа аж.
Үүнд, Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, АЖССЗ-ын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дараалан хоёр засгийн газарт сайдын албыг хашсан гэсэн үг.
Ирэх пүрэв гарагт МАН-ын бага хурлыг хуралдуулах албан бус мэдээлэл бий. Хурлаар дээрх асуудлыг нээлттэй ярилцахаар болсон гэх.
Шинээр бүрэлдэх засгийн газарт Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Зам тээрийн сайдаар Б.Бат-Эрдэнэ, Боловролын сайдаар Х.Ганхуяг, АЖССЗ-ын сайдаар Ч.Ундрам, Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Т.Аубакир нар өөрсдийгөө зүтгүүлээд эхэлсэн гэх. Харин өмнөх засгаас зарим салбарын сайдууд хоёр дахь удаагаа улиран томилогдох боломжтой хэмээн санал нэгджээ.
Ямартай ч аливаад ээлж, дарааллаар хандах нь зүйн хэрэг хэмээн үзэж бусдад ажил хийх, сайдын алба хаших боломжийг олгох нь шудрага ёсонд нийцнэ хэмээн МАН-ын гишүүд үзжээ.









