Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-ын “нууц” судалгаанд хамрагдсан обьектууд буюу улс төрчид ХЭН БАЙВ
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэв. Учир нь ирэх жилээс улсын хэмжээнд бэлтгэл ажилдаа орох тул ойрын хугацаанд намууд 1-2 нэр дэвшигч дээр тохироогоо хийхээс өөр аргагүй болжээ.
Намуудын хөшигний ард Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэнийг сойх боломжтой вэ гэдэг яриа таамаг, нууц уулзалтууд тасрахгүй өрнөж байна.
Энэ удаа бид МАН-аас “нууц” дотоод судалгааг явуулж, намынхаа гишүүд дундаас ямар, ямар улс төрчид дээр төвлөрч ажилласан талаар мэдээллийг хүргэж байна.
Нэр дэвшигчийн ГОЛ ШАЛГУУР – 50 НАС
МАН-аас 50 ба түүнээс дээш насны улс төрд олон жил явсан туршлагатай, олон нийтэд танигдсан нийт улстөрчдийн жагсаалтыг гаргажээ. Үүнд :
Ц.Нямдорж, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, С.Амарсайхан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Сү.Батболд нэмээд Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нарыг гол судалгааны обьект болгон төвлөрчээ.
Эдгээр улс төрчид эхний ээлжинд насны болон улс төрд туршлагатай гэсэн эхний шалгуурыг хангаж байгаа юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нарын хувьд 2027 онд 50 нас хүрч буй тул энэ ангилалд орж байгаа аж. Сонирхолтой нь судалгааны нэрсийн жагсаалтад “эмэгтэй” улс төрчийн нэрийг оруулаагүй байжээ.
Судалгаагаар дээрх улс төрчдийг 50,60,70-аад оны төлөөлөл хэн байх уу хэмээн илүү нарийвчлан зааж, аль үеийхэн илүү улс орны хэмжээнд “хүч” үзэх, нөлөөлөх боломжтой вэ хэмээн гаргасан талаар мэдээлэл байна.
Тойргоос бус улсын хэмжээнд сонгогдож чадах хүн ХЭН БЭ
МАН-ын нийт боломжтой хувилбаруудаас хэд хэдэн улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд тохиромжгүй хэмээн гарсан аж.
Тодруулбал, дээрх нэрсээс Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Сү.Батболд, С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарыг улс төрд олон жил явахдаа бүгд өөрийн гэсэн хэл аманд өртөж байсан хэмээн үзжээ. Эдгээр улс төрчдийн хувьд ямар асуудалд нэр холбогдож байсныг нэг бүрчлэн судалгаагаар гаргасан байсан гэх.
Туршлагатай эх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд “ялах” нь гол хэдий ч ард иргэд, олон нийтийн итгэлийг хүлээсэн, намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч дээр эхний ээлжинд тохирох нь нэн тулгамдсан асуудал болов.
Хамгийн боломжтой хувилбаруудад Ц.Нямдорж, Г.Занданшатар, Л.Энх-Амгалан нар тунаж, судалгааний чиглэл түлхүү эдгээр улс төрчид дээр төвлөрсөн гэх мэдээлэл бий. Л.Энх-Амгалангийн хувьд мөнхийн Эм Си Эс гэх нэр дагалдах нь өөрөө санаа зовох зүйл болон хувирчээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг судалгааны нэрсийн жагсаалтад оруулсан гэдэг нь сонирхол татна. Түүний хувьд 1977 онд төрсөн. Дорнодынх хэмээн овоглож, “шударга” гэх имиджийг бүрдүүлэхийг зорьж буй нэгэн. Сүүлийн үед түүнийг монгол дээлтэй орон нутгаар их явах болсон, нутаг ус гэж эргэж тойрох нь олон болсон, өөрөө 2027 оны сонгуульд үзэх эрмэлзэл өндөр байгаа талаар хөшигний ар дахь яриаг үндэслэн нэр бүхий улс төрчдийн тоонд оруулсан гэжээ.
1970-аад оны төлөөлөл Л.Мөнхбаатарын хувьд одоо УИХ-ын гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Намынхаа залуучуудад нэр хүнд сайн, ноён нуруутай, чимээгүй нэгэн хэмээн яригддаг. Түүнд “попрох” зан байдаггүй сул талтай. Гэхдээ түүний нэг давуу тал нь “эв эе”-ийг сахиж, эвдэрснийг эвлүүлэх төлөвтэй хэмээн нэрсийн жагсаалтад оруулсан гэх.
Ц.Нямдоржийн хувьд удаан хугацаанд чимээгүй, улс төрийн олон үзэгдлийг араас нь чиглүүлэгчээр ажиллаж буй “нууц ноёнтон” болж хувирсан нэгэн.
Г.Занданшатарын хувьд одоо ЕТГ-ын даргаар ажиллаж буй. Түүний хувьд улс төрчдөөс хамгийн оюунлаг гэдгээрээ ялгардаг. Түүнийг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд эх хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн түүхэн гавьяатай. Түүний хувьд магадлал хамгийн өндөр тул нэрсийн жагсаалтад зүй ёсоор нэгт бичүүлжээ.
Ямартай ч МАН-аас “Ц.Нямдорж шүү” хэмээх нэрийг намын гишүүдэд нь зарлаад байгаа нь бас л “учиртай”.
Намын зүгээс гадна, дотны судалгааны компаниудыг ашиглан нам дотрох бүх боломжтой хувилбаруудад төвлөрч, судалгаа хийдэг нь давуу талтай.
Хэн эвийг сахих вэ. Хэн тусгаар Монгол Улсын төрийн тэргүүн байж чадах вэ. Хэн 3,4 сая ард, иргэдийнхээ итгэлийг даах вэ гэдэг эцсийн “сонголт”-ыг ард, иргэд л гаргах түүхэн сонголт удахгүй хаяанд иржээ.









