Төрд ₮4,5 тэрбумын хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байсан Д.Ганболд шинэ албан тушаалд томилогджээ
Төрд 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байсан Догсомын Ганболд нь амташсан хэрээ 13 нахина гэдгийн адилаар Монголын төрд дахин шургалах санаатайгаар Ардчилсан намын удирдлагуудыг хормойдож явах болсон талаар өмнө бид мэдээлж байсан.
Тэгвэл “Монголросцветмет”-ийн Д.Ганболдын хүсэл биелж, Дарханы үйлдвэр, технологийн паркийн төслийн захирлаар томилогджээ.
До.Ганболд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа гаднын аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдаж байгаа. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь тодорхой болсон.
Гэтэл энэ мэт албан тушаалаа урвуулан авлига авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримтууд байсаар байтал прокуророос Догсомын Ганболдын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байгаа юм.
Эргэн сануулахад, Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг анх АТГ шалгаж эхэлсэн юм. Түүний хувьд “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Пэнгфэй”, “Сентурия Монгу”, “Нью Сиян”, “Саян Майнинг” компаниудтай төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг зах зээлийн ханшаас илтэд багаар тогтоон гэрээ байгуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг.
Үнийн дүнг нь бууруулсан алдагдалтай гэрээ байгуулсныхаа төлөө До.Ганболд нь эхнэр М.Бэрцэцэгийнхээ ХААН банкны дансанд “Пэнгфэй” компаниас 2016 онд гурван удаагийн гүйлгээгээр нийт 93.000 юань авсан бол эхнэрийнхээ төрсөн дүү М.Болдын Голомт банкны дансаар 2017 оны наймдугаар сард 29 мянган ам.доллар авсан талаарх мэдээллүүд ил болж байлаа.
Ийнхүү төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтайгаар Авлигатай тэмцэх газраас прокурорын байгууллагад шилжүүлж байсан юм.









