С.Баяр: Тавантолгой дээр төрийн оролцоог шууд 100% болгоод, өмчийн тухай бүх хуулиудыг хүчингүй болгуулах саналаа УИХ-д оруулах байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан ЕТГ-ын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл үүний хариуд Ерөнхий сайд асан С.Баяр ": Тавантолгой дээр төрийн оролцоог шууд 100 хувь болгоод, өмчийн тухай бүх хуулиудыг хүчингүй болгуулах саналаа УИХ-д оруулах байж, тийм үү З.Энхболд дарга аа?" гэжээ. Тэрээр,
- Сонирхолтой эл сэдвээр УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан ЗЭ анх жиргэсэн юм байна. Танд тухайн болон холбогдох бусад хуулийг сануулъя. Дашрамд, таны "нүүрсний хулгайн хэргийн" талаар би мэдэхгүй.
- "Ашигт малтмалын тухай" хуулийн 5.4. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж.
- Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг "Энэржи ресурс" ХХК-аас төр хэлэлцээрийн үр дүнд буцаан авсан. Буцаан авах тэр гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад ЗГ-аас олгосон. ЗГ-ын хуралдааны шийдвэр нь ЗГ-ын тогтоол, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гардаг. Бүх гэрээ, шийдвэр гарснаасаа одоо хүртэл ил байв.
- Гэхдээ л манай ЗГ алдаа гаргасан. Нэг бол төрийн оролцооны хэмжээг ТТ дээр шууд л 100 хувь хүргэх ёстой байж, тиймээ, ЗЭ дарга аа?? Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ ТТ орд газрыг хувийн хэвшилд нь бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа..." гэв.









