ДАБЛЬ СТАНДАРТ : Дулмаад хариуцлага тооцно, Сүрэнд ТООЦОХГҮЙ
Монгол Улсад хууль, дүрэм дабль стандарттай хэрэгжээд байна уу гэлтэй. Ил цагаан баримт, нотолгоотой зөрчил, асуудал байсаар байхад нүдээ аниад, чихээ таглаад өнгөрдөг дарга нар Монголд л байна.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Удирдлагын академийн Д.Сүрэнчимэгтэй холбогдох хэд хэдэн асуудалд хариу өгөлгүй, ажилчдынх нь санал гомдлыг үл ойшоон 2025 онд нэг тэрбумын төсөвтэй байсныг 6 тэрбум болгон нэмэж өгсөн.
Ойрын өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга Н.Учралын сүржин сүржин хурал, тунхагийн үгийг цахимаар харж болох ч амьдрал дээр түүний шийдвэр хоёр өөрөөр хэрэгжиж байна. Жишээ нь Удирдлагийн академийн асуудал юм. Монголд хариуцлага ярих бол Дулмаад эр бяраа гаргаж, хариуцлага алдсан тухай цахимаар нэг зарладаг. Харин Сүрэнд нүдээ аниад, ар өврөөрөө хамгаалаад "нохой" хуцаж байгаа чинээ тоодоггүй байдалтай л байна.
Тэгвэл Н.Учралын хамгаалдаг Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг ямар зөрчил гаргасан бэ?
БАРИМТ НЭГ. Д.Сүрэнчимэг нь захирлаар томилогдож ирснээс хойш төвийн тухай хуулийн 6.4.1 дэх төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах; 16.5.5 дах батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Учир нь, Д.Сүрэнчимэг нь 2022 оноос эхлэн өөртөө өндөр дүнтэй цалин бодож эхэлсэн. Тухайлбал зөвхөн 2023.12 сард 30 орчим сая. 2024 оны 1-8 сарын хугацаанд 140 сая орчим төгрөгийг зөвхөн өөртөө цалин хэлбэрээр авсан. Тэр дундаа 2024 оны 6 сард 60 сая төгрөгийн цалин авсан. Академийн захирлын нэг сарын дундаж цалин нь 4 сая орчим төгрөг байдаг аж.
БАРИМТ ХОЁР : Д.Сүрэнчимэг нь өөрийн хамаарал бүхий Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны дарга П.Бямбасүрэнд үндсэн цалингаас хэтэрсэн, их хэмжээний мөнгө өгч ирсэн. Тухайлбал зөвхөн 2023 онд 100 сая орчим, 2024 оны эхний 8 сард 80 гаруй сая төгрөгийг түүнээс энэ оны 6 сард гэхэд 50 сая орчим төгрөгийг цалин өгсөн байна. Удирдлагын академийн албаны даргын сарын цалин гар дээрээ 2.6 сая орчим төгрөг байдаг. Гэтэл хамаарал бүхий П.Бямбасүрэнд давуу байдал олгож сард дундажаар 10 сая төгрөгийн цалин өгсөн. Энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын “адил албан тушаалд адил цалин хөлс” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.
БАРИМТ ГУРАВ : Д.Сүрэнчимэг нь 2024 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгөөр Удирдлагын академийн нэгжийн удирдлага болох 18 хүнийг БНСУ-ын Чежу аралд төслийн сургалтад хамруулна гэж явуулсан хэрнээ бодит байдал дээр аялал зугаалга, тансаг хүлээн авалт, үнэтэй бэлэг дурсгал өгөх зэрэг ажлыг хууль зөрчин зохион байгуулсан. Мөн энэ аялал зугаалгадаа Монголын болон Солонгосын JCI байгууллагыг татан оролцуулсан нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Уг БНСУ-ын аялалтай зэрэгцэн 2024 оны 8 сард академийн 20 багш, ажилтнуудыг Энэтхэг улсад аялалын үйл ажиллагаанд явуулжээ. Энэ нь хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм.









