Огцрох болзлоо хангасан гэх Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очир ₮359 саяын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮203 саяын ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах санал хүргүүлсэн талаар өмнө бид мэдээлсэн.
Тодруулбал, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа.
Тэгвэл Д.Пүрэв-Очирын АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 55 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 29 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 359 сая төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай, 203 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, суудлын жижиг машин Toyota, Prius XW30 маркийн 2 хоёр машинтай хэмээн мэдүүлжээ.
Мөн 20 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших газартай, 7,5 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 3 адуутай, 158 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
Түүнчлэн 346 сая төгрөгийн зээлтэй байна.
Элэг Бүс ХХК ХК, Нутгийн Ундрага ХХК-иудыг 50%-100 хувь эзэмшдэг гэв.
Ташрамд дурдахад, Д.Пүрэв-Очирын хувьд Булганд төрснөөс өөр “намтар”-гүй нэгэн аж. Түүний хувьд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогджээ. Ингээд таван жил ИНЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж, өнгөрсөн жил төрсөн нутагтаа хөл тавьсан байна.









