Б.Азжаргалын орлого нь Засаг дарга болсноор 62 саяас 113 сая, үл хөдлөх нь 385 саяас 785 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.17/-нд боллоо. Орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө таван нам, хоёр бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөн МАН 24, АН 16, бие даагч нэг суудал авсан юм.
Тодруулбал, ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан аймгийн засаг даргыг сонгох санал хураалт болж, МАН-ын бүлгээс нэрийг дэвшүүлсэн Б.Азжаргал 21 санал буюу 52.5 хувийн санал авч аймгийн засаг даргаар томилохоор нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.
2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Б.Азжаргал ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон Б.Азжаргалын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “113 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 57 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 785 сая төгрөгийн 3 орон сууцтай, 1 үйлчилгээний талбай, 1 зуслангийн байшинтай, 130 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркын машинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 газар, 7.4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 89 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 160 сая төгрөгийн зээлтэй байна.
2020-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Б.Азжаргалын хувьд 4 жилийн хугацаанд орлого нь 62 сая төгрөгөөс 113 сая төгрөг болж , ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө нь 385 саяас 785 сая төгрөгийн 3 орон сууцтай болж НЭМЭГДЖЭЭ









