Дээд шүүх Н.Номтойбаярыг Ногоон намын даргаар бүртгэхээс ТАТГАЛЗЖЭЭ
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны есдүгээр сарын 3-ны хуралдаанаар Ногоон намын “…Намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцжээ.
Ногоон намаас 2024 оны наймдугаар сарын 20-нд дээрх хүсэлт бүхий өргөдөл, холбогдох баримтыг Дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Дээд шүүхийн санд “…Ногоон намын дарга нь О.Бум-Ялагч” гэсэн бүртгэл байдаг. Харин Ногоон намаас дээрх хүсэлтээр Н.Номтойбаярыг тус намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг гаргажээ. Н.Номтойбаярын тухайд УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд болсон Ногоон намын ээлжит бус XIV их хурлаас 98 хувийн саналаар намын даргаар сонгогдсон юм.
Тэгвэл Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд “…Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ногоон нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой” гэж үзээд буцаасан байна.
Үүнийгээ “…2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль үйлчилж эхэлсэн. Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг үүссэн байгаа юм. Иймд Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийнэ” гэж тайлбарлажээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин