Хан-Уулд нэр дэвшигчид ээ, Уулын энгэрийг тэр чигт нь “АПУ“ ХК хашаалсны улмаас төв зам үерийн усанд автаж байна
Яармаг буюу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүүшийн ам" нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаардаг.
Аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр авсан тус газарт АПУ компанийн охин компани "Тэүхэ" орон сууц барихаар зэхэн бэлтгэл ажлаа базааж хашаа татсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулсан талаар өмнө нь мэдээлж байсан.
Тусгай хамгаалалтын газрын ногоон байгууламжтай хэсэгт хашаа татаж, орон сууцны хороолол барихаар муйхарлаж буй компани оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй ийнхүү хэд хэд тулж Засгийн газар, БОАЖЯ хүртэл асуудал өндрөө авч тус газарт барилга барих болсон ажлаа зогсоогоод нилээн хэдэн жилийн хугацаа өнгөрлөө.
Хэдэн өдрийн хүчтэй борооноор хашаалсан хашаа нь үерийн ус, уулнаас буух усны голдирлыг өөрчилсний улмаас яармагийн зам руу ус ихээр орох болов. Замын эвдрэлд тогтоол ус, борооны ус ихээхэн халгаатайг нийслэлчүүд гадарлах болсон. Өнөө сайхан шил толь шиг замыг эвдэхвий хэмээн оршин суугчид болгоомжилж сууна.
Зориулалт бусаар барилга барихаар хүч түрэмгийлээд байгаа энэ мэт компанийн хашаалсан хашааг нэг мөсөн авч хаяад иргэдийн талд шийдвэр гаргаж аялал жуулчлалын цогцолбор барьж болохгүй юу. Нийслэлчүүд бөөнөөрөө амралтын өдрөө өнгөрөөдөг нэг ч гэсэн газар барьж болохгүй юм уу.
Зун нь хөгшид, үр хүүхдээ салхилуулдаг өвөл нь том жижиггүй агаарт гарч гулгадаг алга дарам газраа оршин суугчид энэ хэвээр нь хадгалж авч үлдэх туйлын хүсэлтэй байгаа.
Энэ мэтэд иргэний эрхийн мэдрэмжтэй хандаж чадсан нэр дэвшигчдэд Яармагийнхан саналаа өгч төрд өөрсдийг нь төлөөлөх түшээ болгон илгээх эрдэнэ мэт саналаа өгөхөд бэлэн байна хэмээн үгээ дайлаа.