Батмөнхийн БАТЦЭЦЭГ: Узбекистан Улс бол Монголын гадаад бодлогын бас нэг онцлох чиглэл болж байгаа
Бүгд найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анхны дээд хэмжээний айлчлал болж байгаа бөгөөд айлчлалын үр дүнг хэрхэн харж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ “Монгол Улс Бүгд найрамдах Узбекистан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн айлчлал хэрэгжүүлээгүй. Манай хоёр улс өмнө нь адилхан системээр хөгжиж байсан бөгөөд ардчилсан тогтолцоог сонгоод 30 гаруй жил хамтдаа хөгжиж байгаа орнуудын тоонд ороод явж байна.
Узбекистан Улс бол Монголын гадаад бодлогын бас нэг онцлох чиглэл болж байгаа.
Бид Төв Ази руу гадаад бодлогоо тэлэх, ижил төстэй хөгжиж байгаа орнууд хоорондоо хамтарч ажиллах асар том боломж байна гэдгийг хоёр талаас олж харсан. Монгол Улсын Гадаад харилцааны яамны хувьд болон миний Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд энэ бүс нутгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх гол зорилтын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг хоёр талаас хоёр жилийн хугацаанд бэлдэж байгаад амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү айлчлалын өмнө Гадаад харилцааны сайдууд уулзсан.
Миний бие өнгөрсөн 2023 онд Узбекистан Улсад айлчлал хийж, харилцааныхаа механизмуудын суурь баримт бичгүүдийг зурах асуудлыг ярьж тохирсон. Өнөөдөр бид нийт 12 баримт бичгийг байгуулж, Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол цаашдын харилцааны суурь баримт бичгүүд буюу худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л чиглэлийн харилцааг өргөжүүлэх чиглэлийн гол баримт бичгүүд юм. Жишээлбэл, агаарын харилцаа, авто замын хэлэлцээр.
Бид Узбекистан Улсад визгүй зорчиж байгаа. Тиймээс зорьсон салбаруудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх бүх нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг.
Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт маш сайхан уур амьсгалтай боллоо. Элчин сайдын яам харилцан байгуулах талаар нэг жилийн өмнө ярьж, богино хугацаанд хэрэгжүүлж байгаа нь айлын талд маш чухал мессежийг өгч байна. Айл бол хүссэн бүх хамтын ажиллагаандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тодорхой хариулт мөн авлаа. Хоёр улсын харилцаа цаашид бизнесийн хүрээнд аж ахуй нэгжүүдийг дэмжвэл бодитой хамтын ажиллагаа болох юм байна гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр мөн хоёр улсын бизнес форум болж байна. Хоёр талаас 300 гаруй аж ахуй нэгж оролцож, тэр дундаа Монголын топ аж ахуй нэгжүүд болох Таванбогд, М Си Эс, АПУ гэх компаниудаар толгойлуулсан 100-аад аж ахуй нэгж оролцож байгааг Узбекистаны тал их өндрөөр үнэлж байна.
Узбекистаны Ерөнхийлөгчийн хэлснээр бид аж ахуй нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ саад тээр болохгүйгээр, хөрөнгө оруулалтын орчин, татварын орчныг бүрдүүлээд өгөх хэрэгтэйг илэрхийлсэн. Ингэснээр хоёр улс хоорондын хүсч байгаа харилцааг аж ахуй нэгжүүд маш богино хугацаанд хөгжүүлэх боломж байна гэж үзэж байгаа. Бид Монголын аж ахуй нэгжүүдэд тусгайлсан нөхцөл, хөнгөлөлтийг үзүүлнэ. Хамгийн түрүүнд хоёр улсад хоёр талдаа газрын асуудлыг шийдвэрлэж, худалдааны төв байгуулъя гэж тохирсон. Монголд байгуулагдах Узбек худалдааны төвд хүнсний бүх бүтээгдэхүүн, даавуу, бөс бараа, хуванцар эдлэл зэрэг үндэсний үйлдвэрлэлээ худалдан борлуулна гэдгийг илэрхийлсэн. Эргээд бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир, ноос, ноолуур, мах махан бүтээглэхүүнийг Узбекистанд байнгын худалдаж байдаг худалдааны төвийг байгуулахаар болсон мөн том шийдвэр байлаа.
Мөн хоёр улсад аялал жуулчлал хөгжих өргөн боломж бий. Хиван муж буюу Самарканд, эртний хотуудад Узбекистан Улс жилд 11 сая жуулчин хүлээж авдаг юм байна. Тэгэхээр Монголын жуулчдыг татах бодлого баримталъя. Мөн Монгол Улс шууд нислэгээ ойрын хугацаанд үйлдэе гэж байгаа. Визгүй шууд нислэгтэй болж байгаа учир харилцан аялал жуулчлалыг дэмжих, хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх асар том боломж гэж үзэж байгаа. Эдгээрээс гадна залуучуудын солилцоо, эмэгтэйчүүдийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах талаар ярилаа.
Залуучуудын солилцоонд маш их ач холбогдол хоёр талаас өгч байгаа.
Залуучуудын форумыг Ташкент хотод хийхээр төлөвлөж, 2025 онд хэрэгжүүлэхээр болсон. Үүгээр ирээдүйд хоёр улсыг авч явах залуучуудад үүд хаалгаа нээх, хоёр орноо танилцуулах, илүү өргөн боломжуудыг санал болгох чиглэлээр хамтарч ажиллая гэсэн байр сууриа илэрхийлсэн. Монгол, Узбекистан бол адил төстэй хөгжиж байгаа орон. Тиймээс зовлон бэрхшээл, туулсан улс төрийн замнал, хөгжиж байгаа түвшин төстэй байгаа учраас хамтарч ажиллах нь илүү үр ашигтай, бодитой байх учир энэ удаагийн айлчлалын онцлог гэж тодорхойлж байна” гэв.