Н.Батсүмбэрэл: Жижиг дунд үйлдвэрлэлийн кластер төв байгуулна

2024 оны 6 сарын 23

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид өнөөдөр Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.

Тус тойрогт МАН-аас ЦХХХ-ны сайд Н.Учрал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон М.Оюунчимэг, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал, Жи Мобайл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дашням нарын зургаан эрхэм нэр дэвшиж байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлогын түвшинд хэрэгжүүлсэн алхамаа танилцуулсан бол “Цахим сайд” Н.Учрал бизнес эрхлэхэд иргэдэд чирэгдэл учруулдаг байсан зөвшөөрлүүдийг цахим технологийн тусламжтайгаар хялбаршуулсанаа онцолж байв. Харин нэр дэвшигч О.Батнайрамдал, Г.Дашням нар хувь хүнийхээ хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид баримтлах бодлого чиглэлийнхээ талаар танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн хувьд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид шинэ шатанд буюу кластер түвшинд гаргах шаардлага байгааг онцолж байлаа. Үүний тулд дүүргийн гурван газарт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих кластер төв байгуулахаар төлөвлөж буйгаа онцолж, энэ бодлогыг үргэлжлүүлэхийн тулд бодлогын түвшинд хийх ёстой шинэчлэлийг УИХ-д хэрэв сонгогдвол үргэлжлүүлж хийхээ илэрхийлж байв.

Тэрбээр “Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянгад жижиг дунд бизнес эрхлэгчдийн кластер төв байгуулахад орон нутгийн бодлого чиглэж байна. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчид хоорондоо хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Татвар, борлуулалтын дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн асуудлаар бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй гэж харж байна” хэмээлээ.

Н.Батсүмбэрэл нь дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа жижиг, дунд бизнес эрхлэгчдээ бүх талаар дэмжиж, шаардлагатай төсөл, хөтөлбөрт хамруулах, хөнгөлөлттэй зээл олгох тухайд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж иржээ. 2023 оны тоон мэдээнээс үзвэл дүүргийн хэмжээнд нийт 284 үйлчдвэрлэгчдийг 7 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий гадна, дотны төсөл хөтөлбөр, зээл, тусламжид хамруулжээ. Мөн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийг байгуулж, Бөмбөгөр худалдааны төвд “Чингэлтэйд үйлдвэрлэв” байнгын худалдааны цэгийг ажиллуулах болсноос гадна БНХАУ-ын Манжуур хотод Чингэлтэй үйлдвэрлэв жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдаалах төв болон Манжуурт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалах цэгийг харилцан байгуулах санамж бичиг байгуулсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657645
0 эможи

keyboard_arrow_up