Улсаасаа баян Ш.Адьшаа
Гаалийн Адьшаа, тендер Адьшаа, нүүрс Адьшаа, зэс Адьшаа, олон компанитай баян Адьшаа, дөнгөж их сургууль төгссөн дүү нартаа нүүрс тээвэр, гаалийн компани байгуулж өгдөг Адьшаа, АН-ын УИХ дах бүлгийн дарга Цогтгэрэлтэй түрийвч нэгтэй Адьшаа, Түгжирлийн сайд говийн тэргүүн баян Дэлгэрсайхантай түрийвч нэгтэй Адьшаа, Гаалийн хэргээс уснаас хуурай гарсан Адьшаа, төрсөн хүү гэр бүлийнхээ компаниар төрөөс олон арван тэрбумын тендер хуссан Адьшаа, Боловсролын зээлийн сангаар хүүхдээ сургасан ч одоо хүртэл төлөөгүй түмний хүүхдийн боломжоос үр хүүхэдтэйгээ хулгайлагч Адьшаа, Торонтогийн Их сургуульд сургахаар 102 мянган доллар авсан.
Эрдэнэс тавантолгой компанийн дэргэд гаалийн хяналтын компанитай байсан Адьшаа, хэл амны бай болоод байгаа Эрдэнэтийн овоолгоос зэс угаах боловсруулах Ачит ихт компанийг үүсгэн байгуулж анх эхлүүлээд П.Цагаанд зарсан Ш.Адьшаа гээд хаана л Монголын сул мөнгө байна тэнд эзэнт гүрнээ цогцлоодог Адьшаа. Улсаасаа ч баян болсон энэ мэт хөрөнгөтнүүд хаана л хөнгөлөлттэй бүр буцааж төлөмгүй зээл байна тэр бүхнээс хүртэж суудгаа хэзээ болих вэ. Ханаж цаддаггүй Адьшаа Хөгжлийн банкнаас Ховдод арьс шир, ноос ноолуурын үйлдвэр барина гэж 6 тэрбум төгрөгийн зээл аваад оронд нь сэндвич босгосон. Сонсголоор босгосон сэндвичээ хараад гайхаж цочсон Адьшаа.
Эргэн сануулахад Ш.Адьшаа аймгийн прокуророос Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газарт ажиллаж байв. Гаальд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дуулиант гаалийн хэрэгт холбогдож хэсэг хугацаанд хоригдоод суллагдсан.
Гаалиас гармагцаа Ш.Адьшаа 2009 онд өөрийнхөө нэр дээр Алтанговь транс компани, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр Ачит ихт компанийг үүсгэн байгуулжээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Цагаан хад суурьшлын бүсэд газар авч Гаалийн хяналтын бүс байгуулжээ. 2011 онд Эрдэнэс тавантолгой компанитай гэрээлж нүүрс ачсан машинууд Ш.Адьшаагийн хашаанд нүүрсээ буулгадаг тэндээс өөр машинд ачиж урд хөрш рүү гаргадаг байв. Хоёр жил хамтарч ажиллаад 2012 онд Ажнай Д.Бат-Эрдэнийн хүмүүс гэгдэх Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал гэх ах дүү хоёрт худалджээ. Алтанговь транс компани өдгөө Өмнөговь дахь нүүрсний толгой компаниудын нэг болсон бөгөөд захирал Ч.Жаргалсайхан Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу хамгийн том “нүүрсчин” гэгдэж буй. 2017 онд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн Эрдэнэс тавантолгой ХК-ийн Гаалийн хяналтын талбайтай холбоотой 17 тэрбум төгрөгийн гэрээний хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Ч.Буянжаргал анх ийнхүү мэдүүлж байв.
Гэр бүл үр хүүхэд ах дүү нарынхаа нэр дээр байгуулсан толгой эргэм олон арван компаниараа төрөөс хэдэн арван тэрбум төгрөгийн тендер зувчуулсан нь хэвлэлийн хуудаснаа баримттайгаа бий. Мэдэгдэж байгаа нь л энэ. Эхнэр төрсөн хүүхдүүдтэйгээ л гэхэд 20 иод компани дангаараа эзэмшдэг. Ах дүү хамаатан садныхаа нэр дээр байгуулсан компаниуд нь тоогоо алдсан. Өөрөөсөө төөрүүлж эх барьсан эдгээр компаниараа дамжуулж нүүрс гааль тээвэр гээд шургаж болох бүхий л нүх сүв рүү шургасан. Хятадуудтай хэзээнээсээ бизнес хамтрагч гээд түүний урт шуналыг дурьдаад дуусамгүй. Тэрээр төрсөн нутаг Ховдыг хамарсан 2 дугаар тойрогт дэвшээд л гүйж яваа. Энэ мэт хийдгээ хийчихсэн иддэгээ идчихсэн настангууд одоо тэтгэвэртээ гармаар юмдөө.