Ц.Анандбазараас ГОК-д 85.9 тэрбумын шатахуун “шахсан“ гэх Д.Үүрийнтуяа Булганд дэвшиж явна
Ц.Анандбазарын хүн гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн санхүү эрхэлсэн орлогч дарга Д.Үүрийнтуяа энэ удаагийн сонгуульд МАН-аас Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 4 дүгээр тойрогт нэр дэвшиж буй.
Д.Үүрийнтуяа нь Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын даргаар ажиллаж байсан. Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирлаар томилогдмогц хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийсэн гэх шүүмжлэлд өртөж байв. "Сод монгол групп" нь Булган аймгаас 2020 УИХ-д сонгогдсон Ц.Ананбазарын компани билээ. Тухайн үедээ нэг литр шатахуунаа 2320 төгрөгөөр буюу ойролцоогоор зах зээлийн үнээс 500 төгрөгөөр илүү шахсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байв.
Захирал асан Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая гаруй төгрөгийг тус үйлдвэрээс төлүүлсэн. Мөн Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд зориулж 512 сая төгрөгийн үнэтэй "Мерседес-Бенз G-class" загварын автомашины тендер зарласан. 159 сая төгрөгийн үнэтэй Италийн тансаг зэрэглэлийн алтан чимэглэл бүхий ширээ, шүүгээ худалдан авсан зэрэг мэдээллүүд гарч олон нийтийн нүдийг орой дээр нь гаргаж байв. Үйлдвэрийн удирдлагуудын хэт үрэлгэн тансаглалыг олон нийт ихээхэн шүүмжлэв.
Эрдэнэт үйлдвэрээс 79 сая гаруй төгрөг гаргаж Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоотыг засуулсан байдаг. Товчхондоо тус гурван тоотыг нэг айл амьдрах зориулалттай болгон тохижуулсан байдаг байна. Харин энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг байж болзошгүй хэмээн тухайн үедээ хэвлэлээр хардсан. Цаашлаад тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир гэх эрхэм баталжээ.
Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир нь 2019 оны дөрөвдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон байна. Өөрөөр хэлбэл Д.Тамир төсөвт өртгийг гаргаад эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг нь зурдаг гэсэн үг. Энэ нь “Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчиж байгаа үйлдэл гэж эх сурвалжууд мэдээлжээ.