М.Тулгат: AI хөгжлөөс цаашлаад AGI, ASI гэж дэлхий ярьж байна

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

УИХ-ын наймдугаар тойрог буюу БЗД-т АН-аас нэр дэвшиж буй Майнбаярын Тулгаттай ярилцлаа.


-Тойргийн уулзалт гээд маш зав чөлөөгүй байх шиг байна?

-Уулзалтаас уулзалтын хооронд гүйж байна.

-Улс төрч хүний хувьд таны мөрөөдөл юу вэ?

-Монгол орноо хүний хөгжлийн индексээр дэлхийд эхний 50-д орохыг харах юмсан, түүнд хувь нэмэр оруулах юмсан гэж мөрөөддөг. Одоо бол 100 орчимд, тодруулбал 96-д жагсаж байна. Хүний хөгжлийн индекс олон үзүүлэлтээс хамаардагаас манай боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үзүүлэлтүүд ойролцоо орнууд дотроо өндөр, харин эдийн засгийн үзүүлэлтүүд дундаж оноог маань доош чангаадаг. Нэг хүнд ногдох ДНБ одоо байгаа 5000 ам.доллараас 10 мянга даваад ирвэл нэлээд дээшээ гараад ирнэ. Өөрөөр хэлбэл монгол хүний орлогыг 2 дахин өсгөх зорилт юм. Японд Икэда гэдэг Ерөнхий сайд 1960 онд “орлогыг 2 дахин нэмэгдүүлэх” 10 жилийн зорилт дэвшүүлсэн нь 2.3 дахин буюу давж биелсэн түүх бий. Манай улсын хувьд эдийн засгийг тэлэх төслүүдээ хөдөлгөж, нөөц баялагуудаа зөв дайчилж чадвал ийм зорилт биелэх бүрэн боломжтой.

-Эдийн засгаа тэлэх ёстой гэлээ. Гэхдээ яаж тэлэх вэ? Таны хувьд шийдэл нь юу вэ?

-Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой шиг дахиад 2-3 том ордыг ашиглалтад оруулбал эдийн засагт маш том хөдөлгөгч хүч болно. Түүний тулд хайгуулын үйл ажиллагааг дэмжих, нөөцүүдийг илрүүлэх, тогтоох шаардлагатай байна. Одоо бол популизмаас болоод зогссон байдалтай байна. Уул нь эрдэс баялагийн дэлхийн зах зээл дэх үнэ ханш түүхэн өндөр түвшинд хүрээд байгаа нь бидэнд маш их боломж олгоод байна.

Цаашдаа ч ялангуяа зэс, газрын ховор элементүүдийн үнэ тогтвортой өснө. Учир нь, дэлхий нийтээрээ цахилгаан автомашин руу шилжиж байна, сэргээгдэх эрчим хүч болон хагас дамжуулагч, чип, технологи ашигласан бараа бүтээгдэхүүн, түүнд ашиглагдах зэс болон газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж байна.

Зэсийн хувьд Эрдэнэт, Оюутолгой шиг томоохон орд дахиад нээгдэх боломжтой. Газрын ховор элементийн хувьд бас багагүй нөөц бий.

Өнөөдөр газрын ховор элементээр дэлхийг хангадаг орон бол Хятад. Хятад дотроо 90 орчим хувийг нийлүүлдэг нь Өвөрмонгол. Яг манайхтай хаяа залгаад том бүлэг ордууд байна гэсэн үг. Тиймээс манайх газрын ховор элементээр дэлхийд том тоглогч болох боломжтой юм. Хятад-Америкийн худалдааны дайн, Хятад-Европын худалдааны зөрчлөөс үүдээд барууны орнууд газрын ховор элементийн өөр эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа. Энэ нь манайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орох, энэ нь эдийн засгийн хувьд ч, тусгаар тогтнол аюулгүй байдлын хувьд ч таатай боломж юм. Цаашлаад хөрөнгө нөөцийг эдийн засгийн үр ашигтай салбарт зарцуулах, зах зээлийг чөлөөлөх, төрийн оролцоо дарамтыг багасгах, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, эрчим хүч, тээвэр ложистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна.

-Дээр дооргүй бүгд популистууд болсон. Тиймээс хайгуулын ажлыг сэргээх ёстой гэж хэн ч хэлэхгүй байна л даа?

-Сүүлийн жилүүдэд улстөрчдийн попролт, хуурамч “эх орончдын” эсэргүүцлээс айгаад хайгуулын ажлыг бүрэн зогсоочихсон. Үүгээр ирээдүйн боломжууд боомилогдсоор байна. Мөн эрчим хүчний хүчин чадлын хүрэлцээгүй байдал, дэд бүтэц, тээвэр ложистикийн хоцрогдол чөдөр тушаа болсоор байна. Эрчим хүчний салбарт сүүлийн 8 жилд олигтой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Улс төрийн шалтгаанаар буюу ард түмэнд таалагдахын тулд үнийг хатуу тогтоон барьж, салбар алдагдалтай явж ирсэний гор. Эрчим хүчний салбар 2012-2016 оны үед анх удаа ашигтай ажиллаж байсан. Мөн суурилагдсан хүчин чадал 30-40 хувь нэмэгдсэн. 2016 оноос хойш буцаад алдагдал хүлээж эхэлсэн. Алдагдалтай салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь тодорхой.

-Үнийг нь чөлөөлчихвөл эрчим хүчний салбарт орж ирэх хөрөнгө оруулагчид бэлэн байна гэсэн үг үү?

-Тухайн бизнес ашигтай, найдвартай байвал хөрөнгө оруулалт орно шүү дээ. Гэхдээ хүрэн нүүрсний тухайд 8 жил хугацаа алдсанаас болоод хэдий асар их нөөцтэй боловч цаашид хөрөнгө оруулалт орохгүй болсон байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтын хүрээнд нүүрс шатаадаг станцын төслүүдэд гадны хөрөнгө орохоо байсан.

Сэргээгдэх эрчим хүч дээр бол боломж бий. Японы Софтбанк группийн ерөнхийлөгч Сон Масаёши “Би Монголын говьд сэргээгдэх эрчим хүчний том цогц байгууламжийг байгуулж Азийн эрчим хүчний хэрэглээг хангана” гэж мэдэгдэж, энэ бол миний мөрөөдөл гэж хэлж байсан. Япондоо маш нөлөөтэй, технологийн компаниудад хөрөнгө оруулалт оруулдаг, бизнесмэн. Түүний мөрөөдөл нь Монгол байсан.

Эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирье гэхээр үнэ тарифын асуудлаас гадна, эрхзүйн зохицуулалтын асуудал, хөрөнгө оруулалтыг хамгаалах асуудал саад тотгор болж, шийдвэр гаргагчид ч хувийн ашиг сонирхлоор хандаж үргээсээр ирсэн.

Бид уг нь эрчим хүчний импортлогч биш экспортлогч байх бүрэн бололцоотой. Хятад жишээ нь эрчим хүчийг Монголоос импортлох хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Хятадын манайтай хиллэж байгаа бүс нутгуудад эрчим хүчний хомсдол үүсэх төлөвтэй байгаа.

-Нөгөө талдаа үнэ чөлөөлөхөөр эмзэг бүлгийн иргэдийн нуруун дээр илүү хүнд ачаа ирнэ. Ингэж эрх баригчид тайлбарладаг?

-Ядуурлаас гаргах нь зорилго байх ёстой болохоос биш, ядуу байдалд нь тааруулаад явна гэж болохгүй биз дээ. Эрчим хүчний үнийг шат шатаар нэмэгдүүлж зах зээлийнхээ зарчмаар өөрөө өөрийгөө нөхөөд явах тэр боломжийг нь олгох ёстой. Үүний тулд улс төрийн зориг хэрэгтэй. Манай эрх баригчид тийм зориг гаргаж чадахгүй юм байна.

-Та эдийн засгийг тэлэх ёстой гэлээ. Хувийн хэвшлийнхний оролцоогүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй. Харамсалтай нь, төр хувийн хэвшлийн оролцоог улам бүр хумьж, хувийн хэвшлийнхнийг цагдаа хүчний байгууллагаар айлгах болсон байна?

-Эрх баригчид ард нийтээс оноо авах, улстөрчдийн дотоод өрсөлдөгчдөө намнах, бизнесийнхнийг дарамталж үгэндээ оруулахын тулд маш их шоу хийж байна. Энэ пиар үйл ажиллагаа нь эсрэгээрээ гадаад орчинд Монголын нэр хүндийг унагаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг унагаасан.

Өнөөдөр дэлхий дээр триллион триллион долларын хөрөнгө эргэлдэж байна. Хөрөнгө оруулагчид хашир улсууд, хаана хэзээ хөрөнгө оруулахаа сайн мэднэ. Нэг үе хууль эрхзүйн орчин, Засгийн газрын бодлого, хандлага нь хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг нь хүлээх чиглэлд сайн байсан. Харамсалтай нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдыг татах чадваргүй боллоо. Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох боломжоо алдах тусам Монголын хөгжил олон арван жилээр хоцорно.

Төр данхайж, хувийн хэвшил буланд шахагдах болсон. Өнгөрсөн 8 жилд улсын төсөв 3 дахин томорсон ч, иргэдийн орлого төдийлөн өссөнгүй. Нэг хүнд ногдох ДНБ нэрлэсэн дүнгээр биш, бодит дүнгээр 2016 онд 7.2 сая төгрөг байсан бол өнөөдөр 9 сая төгрөг болсон. Маш бага хэмжээгээр өссөн гэсэн үг. Гэхдээ үүнээс татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хүү торгууль нэмэгдсэн учир монгол хүний гар дээр очдог орлого буурсан гэж хэлж болно. Төрийн өмчит компаниуд олширсон. Төр үр өгөөж муутай үхмэл хөрөнгийг бий болгодог. Дээр нь төрийн өмчит компанийн удирдлагуудыг улс төрийн томилгоогоор томилдог. Төрийн өмчит компаниуд улстөрчдийн авилга, хулгай луйвар хийх, хувьдаа орлого олох саалийн үнээ нь болж байна.

-Сонгогчидтойгоо уулзахаар хүмүүс юу гэж байна. Тэдний амьдрал өнгөрсөн найман жил сайжирсан гэх юм уу, эсвэл дордсон гэж байна уу?

-Ихэвчлэн сэтгэл дундуур байна. Үнийн өсөлтийг их ярьж байна. Энэ бол монгол төгрөгийг цаас болгосон алдаатай төсвийн болон мөнгөний буруу бодлогын үр дүн. Иргэд бас хулгай луйврыг жигшин ярьж байна. Нийгэмд шударга бус, ялгавартай байдал газар авч байгаад бухимдалтай байна. Ажил хөдөлмөр хийж олсон орлого өнөө маргаашдаа зарцуулагдаад дуусч байгааг, өөрөөр хэлбэл ирээдүй баталгаагүй байгааг бас ярьж байна.

Нийгмийн асуудлуудыг явж явж эдийн засгийн өсөлт л шийддэг. Эдийн засаг өсч, орлого нэмэгдэж байж нийгмийн олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс аль ч улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд хүний хамгийн чухал хийх ажил нь нэгд, эдийн засаг, хоёрт, эдийн засаг, гуравт, эдийн засаг. Гэтэл манай Ерөнхий сайд юу ярьдаг вэ гэхээр нэг ардын дайсныг тодруулаад телевизээр жижиг, сажиг хов жив яриад сууж байдаг.

-Тийм шүү. Бусад улс орнууд хиймэл оюун ухаан дээр суурилсан эдийн засаг руу эрчимтэй орж, технологийн дараагийн дэвшлийг, маргаашийг ярьж байна. Манайх хаана явна?

– Хүн төрөлхтөн өөрсдөө ч төсөөлж чадашгүй аварга том өөрчлөлтийн өмнө ирээд байна. Хүний тархины эсийн тоо сармагчныхаас 10 дахин их. Тэгвэл хиймэл оюун ухаан буюу AI технологийн систем нь удахгүй хүний оюуны чадамжаас 10 дахин илүү болно гэдэг. AI-г ашигладаг хүн, түүнийг ашигладаггүй хүн хоёрын ялгаа нь хүн, сармагчины ялгаа шиг л болно гэсэн үг. Аймшигтай байгаа биз? Дахиад цаашаа AGI, ASI гээд ярьцгааж байна. Тэр түвшинд хүрвэл бүр 10 мянга дахин илүү болно. Хүний амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, нийгэм, засаглал гээд орвонгоороо эргэнэ гэсэн үг. Хиймэл оюун ухааны эрин үед одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл манайд наад захын асуудлууд бэрхшээл болохоор байгаа юм. Хиймэл оюун ухаан “Big data” дээр тулгуурлан ажилладаг. Их хэмжээгээр хуримтлагдсан дата мэдээлэлд тулгуурлан анализ хийж, өөрөө өөрийгөө хөгжүүлж, шинэчлэгдээд явдаг оюун ухааны программчлал юм. Гэтэл манайд дата өгөгдлийн хуримтлал үүсдэггүй. Дата сервер хүрэлцээгүй учир өмнөхөө арчаад явдаг. Уул нь манайх шиг орон дата центрийн үйлчилгээ үзүүлэгч болох боломж бий. Дата төвүүдэд хөргүүр зайлшгүй, тэр нь цахилгаан эрчим хүч шаарддаг. Манайх сэрүүн уур амьсгалтай, дээрээс нь газар хөдлөлт, үер ус гэсэн байгалийн гамшиг бага. Гэхдээ дата центрийн үйлчилгээг хөгжүүлье гэвэл бас нэг шийдэх ёстой асуудал нь интернетийн гарц болно. Өнөөдөр Монголд “Gemnet”, “Mobicom” хоёр гаднаас интернетийн урсгалаа авч байгаа. Нэг нь оросоос, нэг нь хятадаас орж ирдэг. Үүнийг дахиад олон тулгуурт, олон сувагтай болгож эрсдлийг тараах шаардлагатай. Далайд гарцгүй ч, интернетэд найдвартай гарцтай байя.

-Ямар ч байсан Монголд “Старлинк” орж ирсэн. Энэ нь интернетийн гарцыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх байх, тийм үү? Ер нь хиймэл оюун ухааны хөгжлөөс хоцрохгүйн тулд яах ёстой вэ?

-Яг үнэндээ интернетийн гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байгаа. “Старлинк” тодорхой хэмжээний боломж. Гэхдээ өнөөдөртөө бол мэдээллийн их хэмжээний урсгал кабелиар дамжиж баталгаатай явагдах учраас “Старлинк” шаардлага хангаж чадахгүй болов уу. Гэхдээ цаашдын хөгжлийг хэлж мэдэхгүй. Дата төвийн хувьд хувийн хэвшлийн компаниуд маань түүгээрээ дата агуулах буюу warehouse байгуулаад явж байх шиг байна.

Технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад Ай-тигийн боловсон хүчнийг бэлдэх, дэмжих нь чухал. Мөн монголчууд нийтээрээ англи хэлтэй болох явдал нэн чухал байна. Монгол хүн үндэснийхээ онцлог, хэл соёлыг хадгалахын зэрэгцээ, 21-р зуунд бас дэлхийн хүн байх ёстой.

Сүүлийн үед  хиймэл оюун ухааны чиглэлд дэлхийд хамгийн шалгарсан, анхаарлын төвд байгаа компани “OpenAI”-ийн Sam Altman 7 триллион ам.долларыг хиймэл оюун ухааны хөгжилд босгож, хөгжүүлэлт хийнэ гэж мэдэгдсэн. Ийм том далайцтай хөгжил явагдаж байхад манайх хоцроод үлдэх үү яахав. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөө соёлын төв, хөшөө дурсгал, хүмүүсийн тархи толгойг угаасан нэвтрүүлэг, хавтгайрсан халамж, төрийн нүсэр аппаратын цалин хангамжинд үрээд ирээдүй рүү оруулах хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаа нь харамсалтай. Монгол үндэстний хувь заяа зөвхөн нүүрс, зэс, алтан дээр тогтож болохгүй. Бид дараагийн илүү оновчтой бизнесийн салбарууд руу хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх шаардлагатай байна.

-Тэгвэл баялгаас олсон орлогоо хааш нь хуваарилвал ирээдүйн хөгжилд хэрэгтэй вэ?

-Цөөн хэдэн түүхий эдээс хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарыг дэмжих вэ? Ямар үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх вэ? Үүний хариулт бол ердөө зах зээлээр шийдүүлэх. Энд би хөрөнгийн зах зээлийг хэлж байгаа юм. Монголын ирээдүйг авч явах эдийн засгийн салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний төрлийг хөрөнгийн зах зээлд оролцогч мянга мянган хувьцаа арилжигчид, хөрөнгө оруулалтын сангууд шийднэ. Тэд аль ирээдүйтэй, менежмент сайтай, өөрөөр хэлбэл ашигтай ажиллаж чадах бизнесүүдэд хувьцаа, үнэт цаасыг нь худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийнэ. Ямар салбарыг, ямар компанийг дэмжихийг хэдэн “ухаантай” дарга сууж байгаад мэдээд гаргаж ирнэ гэдэг бараг боломжгүй. Өнөөдрийн хөгжингүй улс орнууд тэтгэвэрийн сан, эрүүл мэндийн даатгалын сан зэрэг томоохон сангуудаа хөрөнгийн зах зээлд тоглогч болгон оролцуулж, дотоодынхоо бизнесүүдийг цойлтол нь дэмжиж өгсөн байдаг. Нийгмийн даатгал нь хувь хүмүүсийн нэрийн дансанд бодитоор хуримтлагдаж, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж, тухайн хувь хүндээ ч өгөөжтэй, компаниудад ч ашигтай, нийгмийн баталгаа, тэтгэвэрийн тогтолцоондоо ч ашигтай байдлаар зохион байгуулагдаж байна. Тэгэхээр эдийн засгаа олон тулгууртай болгох, төрөлжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг нэн яаралтай хөгжүүлэх шаардлагатай. Үүнд нийгмийн даатгалын тогтолцооны реформ чухал үүрэгтэй. Хөрөнгийн зах зээл хөгжвөл үйлдвэрлэл, дэд бүтэц, инженерингийн салбаруудаас гадна эрүүл мэнд, боловсролын салбар руу ч мянга мянган хүний “ухаалаг хөрөнгө оруулалт” орох боломжтой болно. Санхүүжилттэй болсон тэдгээр салбарууд шат ахин хөгжинө. Эрүүл мэнд, боловсролын салбарт гадагшаа гардаг валютын урсгал багасна. Монгол хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт зах зээлийн зарчмаар нэмэгдэнэ гэсэн үг. Байгалийн баялаг биш, монгол хүн өөрөө үнэ цэнэ бүтээгч, экспортын орлого ологч болно. Жишээ нь энэтхэгүүд IT чиглэлээр аутсорсинг хийгээд энэ нь улсынх нь гол эдийн засаг болчихсон явж байна. Манайд тийм боломж бүрэн байна. Чадварлаг монгол программистууд байна. Хэдийгээр далайд гарцгүй улс орон ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаад Монголдоо амьдрангаа гадагшаа аутсорсинг хийж, мэдлэгээ экспортлох боломж байна.

-Нийгмийн даатгалын санг зөв ашиглавал эдийн засгийн том хөшүүрэг болно гэж та ярилаа. Нийгмийн даатгалын шинэчлэл олон жил яригдсан сэдэв. Нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна? Таныхаар яах ёстой вэ?

-Нийгмийн даатгал иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дарамт болдог хэр нь тэр хэмжээгээрээ ирээдүйн баталгаа болж чадахгүй байгаа нь тогтолцооны алдаа. Өнгөрсөн онд нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт орж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ энэ өөрчлөлтөөр алдаагаа засч чадаагүй. Хуулийнх нь өөрчлөлт шимтгэлээ яаж тултал авах вэ, орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдэг рүү л чиглэсэн. Гэтэл иргэдийн хүсч байгаа зүйл бол миний өчнөөн жил төлсөн нийгмийн даатгалын хураамж надад үлдэхгүй байна, миний ирээдүйн баталгааг хангах биш, өөр хүмүүст ашиглагдаад байна гэдэг асуудал. Хүнд өвчин туссан үедээ ашиглаж чадахгүй, нас бараад ойр дотныхондоо өвлүүлж чадахгүй, систем нь шударга бус байна гэдэг асуудал. Залуу насандаа алдаа гаргаад олон жил хориход байж байгаад гарч ирсэн хүн албан хөдөлмөр эрхлээд тэтгэвэрт гарах гэтэл 21 жил хүрээгүй гэнэ. 10 жил ажиллаж төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй.

Ядаж төлсөн хугацаандаа тааруулаад хуримтлалаа авч ашигламаар байдаг. Тэтгэврийг өвлүүлэхээр болсон гэх авч, эхнэр нөхөр хоёр 20 жил хамт байж байж өвлөгдөх заалттай учир амьдрал дээр цөөхөн гэр бүл дээр л яригдана. Уул нь иргэн бүр дээр хуримтлалын данс гэж хэлж болох “нэрийн данс” үүсгээд явах болохоор хуульчилсан. Гэтэл тэр нь хиймэл бүртгэл.“Таны төлсөн мөнгө бүгдийнхтэй нь холилдоод, аль ядарсан хүмүүст нь өгөөд явж байгаа, таныг ядрах үед өөр хүн төлчих байх, гэхдээ мэдэхгүй байна” гэж хэлбэл та мөнгөө өгч хадгалуулах уу? Манай нийгмийн даатгалын тогтолцоо ингэж ажилладаг. Үүнийг “эв санааны зарчим” гэдэг, дахин хуваарилалтын зарчим. Уул нь бидний төлсөн мөнгө бодит хуримтлал болдог, нөгөө уул уурхайн том компаниудын хувьцаа, үнэт цаас болж хувьцааны ашгаар өсөн нэмэгддэг, төдийчинээ ирээдүйн баталгаа болдог болох ёстой.

Эрх баригчид яагаад үүнийг өөрчлөхгүй байна гэхээр өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сангаар төсвийн алдагдлыг нөхөж ирсэнтэй холбоотой.

Жишээлбэл 2024 энэ оны НДШ-ийн орлого нь 4.6 их наяд болсон бол зарлага нь 5.1 их наяд хүрсэн. Ажил хийж байгаа 3 хүн тэтгэврийн насны 1 хүний тэтгэвэрийг төлөхийн зэрэгцээ дахиад 2 хүний янз бүрийн халамжийг төлөлцөж байгаа юм. Учир нь манай хүн амын 60 хувь нь ямар нэг халамжид хамрагддаг болсон.

-Бусад орны туршлага ямар байдаг юм бэ?

– Олон улсад даатгалын том том сангууд нь эдийн засгаа босгож ирэх санхүүгийн эх үүсвэр нь болдог. Түрүүн ярьсанчлан дотоодын шилдэг компаниуд руу хөрөнгө оруулалт хийх “байгууллагын хөрөнгө оруулагчид” (institutional investor) болдог. Тэд богино зайнд арилжааны ашиг олох биш, урт хугацааны, тогтвортой хөрөнгө оруулалт хийдэг. Ингэж байж олон сая хүний тэтгэвэрийн мөнгийг эрсдэл багатай, ашигтайгаар эргэлдүүлж, арвижуулж, ирээдүйнх нь баталгааг бий болгодог. Тэнд жинхэнэ мэргэжлийн фанд менежерүүд, санхүүчид ажиллана. Эрсдлийг хуваарилж, портфолио менежмент хийж ажиллана. Макро эдийн засгийн анализ судалгаануудыг тултал хийнэ. Тухайн хөрөнгө оруулалт авах компаниудынхаа засаглалыг судална. Үйл ажиллагаа, менежмент, засаглалыг нь судална. Энэ тохиолдолд та бидний нийгмийн даатгалд төлж байгаа мөнгө, үр өгөөжөө өгсөн хувьцаа болоод явна. Халамж, тэтгэвэр хоёр тусдаа байх ёстой. Халамж бол улсын төсвийн зардлын бүрэлдэхүүнд байх ёстой атал нийгмийн даатгалын сангийн зарлагад явж, далдуур төсвийн алдагдлыг нөхдөг болж хувирсан.

Орчин үеийн хөгжингүй орны хүн өглөө босоод 3 юм хардаг гэдэг. Хувьцааны үнэ, цаг агаар, замын ачаалал гурвыг. Тэгээд л ажлаа хийгээд, илүү дутуу юм бодоод байхгүй тогтвортой явж байна. Ажлаа сольё, давхар ажил хийе, нэмэлт орлого ольё, 10, 20 жилийн дараа яах бол, өвчин тусчихвал төлбөрийг нь дийлэхгүй гэж санаа зовох юм байхгүй. Тэтгэвэрт гарахдаа 500 мянгаас 1 сая долларын хуримтлалтай сууна. Цаашхи амьдрал нь баталгаатай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, гадагш дотогш аялах хөрөнгөтэй. Манай ахмадууд 100-200 мянган төгрөгийн “насны хишигт” хууртах биш, суурь тэтгэвэрээс гадна, дансандаа 100, 200 саяын хадгаламжтай ийм л явах ёстой юм.

-Гоё мөртлөө хол сонсогдож байна?

-Хол биш. Үүнийг өөрчлөх сонирхол МАН-д алга. Банкнуудын лобби ч явдаг байхыг үгүйсгэхгүй. Баялагтаа эзэн монгол гээд пиардаад байна, уг нь энэ тэтгэврийн санг хөрөнгийн зах зээлтэй холбосноор иргэд уул уурхайг хувьцааг худалдаж авна, олон нийтийн хяналт орж ирнэ. Эдийн засаг зөв зарчим руугаа ороход өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцоог эхлээд өөрчлөх ёстой юм аа. Нүд хуурсан өөрчлөлт биш, үндсээр нь өөрчлөх. Ирээдүйн баталгаа сайжирч, хувьцаагаар дамжуулан эдийн засаг дахь иргэдийн оролцоо нэмэгдсэнээр нийгмийн сэтгэлзүй ч эрүүлжинэ. Бас нэг зүйл хэлэхэд аливаа бизнесийн байгууллага зөвхөн өөрийнхөө мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм биш. Хувьцаагаа зарж, эсвэл зээл авч үйл ажиллагаагаа богино хугацаанд томруулаад явдаг. Зөвхөн өөрийн хөрөнгөөр явбал хугацаа алдана. Өнөөдөр манай Монголд бизнесийн санхүүжилтийн 90 гаруй хувь нь зөвхөн банкны зээлээр явагдаж байна. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй. Гэтэл банкны зээл гэдэг маань хатуу шалгууртай, барьцаатай, дарамттай, хүү өндөртэй ийм байдаг. Хөрөнгийн зах зээл гэдэг бол уян хатан, ногдол ашиг хуваарилах эсэхээ хувьцаа эзэмшигчид нь шийддэг ийм тогтолцоо.

-Монголчууд хөрөнгө оруулалтын зах зээл дээр тоглох мэдлэг, мэдээлэл муутай шүү дээ?

-Хүнээ бэлдэх л асуудал. Чадварлаг фанд менежерүүд, портфолио менежерүүдийг бэлдэх шаардлагатай. Тогтолцооны өөрчлөлтөө эхлүүлчихвэл аяндаа хөдөлмөрийн зах зээл ч тийм хүний нөөцийн нийлүүлэлт, хөгжүүлэлтээ хийгээд явчихна.

-Хүмүүс энэ удаагийн сонгуулиас эрс өөрчлөлт хүсч байгаа. Парламентад, хууль тогтоох байгууллагад чөлөөт эдийн засгийг дэмждэг, ардчиллыг дэмждэг, хүний эрхийг дээдэлдэг улстөрчид орж ирээсэй гэсэн хүлээлт бий. Та хэрвээ парламентын гишүүн болбол хувийн өмчийг хамгаалах хүний эрхийг хамгаалах талаар юу хийх вэ?

-Улс төрийн хүсэл зориг улстөрч хүнд заавал байх ёстой. МАН бол социалист чиг баримжаатай нам. Нийгмийн ардчилал гэж орчуулж хэлдэг. Социалист чиг баримжаатай намуудын үйл ажиллагаа нь хувийн хэвшил, бизнесийнхэнд таагүй, тэд нарын үйл ажиллагааг хязгаарлах, ямар нэгэн дарамт учруулах, баялаг бүтээж, орлого олж байгаа хэсгийн баялгийг төрийн хүчээр булааж аваад баялаг бүтээдэггүй хэсэг рүү хуваарилдаг ийм хуваарилалтын үйл ажиллагаа явуулдаг. Эрх барьж байгаа намын онцлог нь ийм, тиймээс Монгол Улсын засаг төрийн бодлого хувийн хэвшлийнхэнд халтай яваад байгаа юм. АН-ын хувьд эдийн засгийн чөлөөт байдлыг дэмждэг, төр цомхон байх ёстой гэж үздэг, түүний төлөө явдаг, хувийн хэвшлийн санаачлага, хувь хүний санаачилгыг дэмждэг, тэр дагуу бодлого хэрэгжүүлдэг онцлогтой.

Данхайсан төрийг 20 хувиар танаж цомхтгох, төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох, оролцоог нь бууруулж төдийчинээ хувийн хэвшилд боломж олгох, хувийн хэвшлийн салбарын болон мэргэжлийн холбоодыг дэмжих, хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж орчин үед нийцүүлэх, цагдаа хүчний байгууллагуудыг даргад биш хуулинд захирагдаж ажилладаг болгох, нийгмийн даатгалыг хувь хүний хуримтлагдсан өмч хөрөнгө болгох шинэчлэл хийх, эдийн засгийн бүх салбарыг либералчлахаар ажиллана.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

М.Тулгатын сонгуулийн төв байгууллага

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657534
1 эможи

М.Тулгат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up