Т.Доржхандын хэтэвч Г.Дугаржав төмрийн хүдрийн агууламж дээр ажилласан уу
“Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржав хятадуудтай нийлж төмрийн хүдрийн агууламжийг бууруулж улсад онц их хэмжээний хохирол учруулав уу?"
Бээжин дэх Элчин сайдын яамны Зөвлөхөөр ажиллаж хятадуудтай нягт холбоо сүлбээтэй болсон гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржав хууль хяналтын байгууллагын анхааралд өртсөн нь лавтай. Өндөр агууламжтай төмрийн хүдрийг бага агууламжтай хэмээн гаальд мэдүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.
Ийнхүү агууламж дээрээ “ажиллуулсан” төмрийн хүдэр хятадын үйлдвэрүүд рүү хууль бусаар нийлүүлэгдэж төлбөр нь Г.Дугаржавын халаас руу орж улмаар халаас нэгтэй гэгдээд буй УИХ-ын гишүүн Т.Доржхандыг цаашлаад ХҮН намыг санхүүжүүлдэг байж болзошгүй ажээ. Цагтаа Г.Дугаржавыг уг албан тушаалд томилуулахаар Т.Доржханд анкетаас нь эхлээд албан бичиг нэг бүрийг нь барин албан тушаалтнуудын өрөөгөөр явсан гэлцдэг. Ийн явж тийн томилуулах болсон нь ч бас агтны хариуг жилдээ аяганы хариуг өдөртөө барьдагтай холбоотой. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох гомдлыг цэц рүү гаргуулахдаа ашигласан ХҮН-ын дарга Т.Доржхандаар Оюун-Эрдэнийн Засгийн газар дахин давхар дээлний асуудлаар гомдол өгүүлэн Үндсэн хуулийн цэц дээр ялалт байгуулуулж ялмагц нь УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж давхар дээлтэй сайд нараа томилсон удаатай. Хөшигний ард МАН-ын генсек Д.Амарбаясгалан түүнд ийнхүү өрөө төлсөн.
Ийнхүү Хүн намын сонгуулийн мөнгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс санхүүжүүлж байж болзошгүй байна. Нүүрсний хулгайтай адил төмрийн хүдрийн хулгай газар аваад байна. Асуудал нэг талдаа шийдэгдтэл төмрийн хүдэр урд хөрш рүү гарсаар байх уу. Дугаржав төмрийн хулгайгаа хятадтай нийлж хийсээр Хүн намын санхүү зузаарсаар. Төр засаг нүүрсний хулгайтай тэмцэж дуусаагүй байтал төмрийн хүдрийн хулгай газар авч эхэлжээ.