АН-ыг нэгтгэчих “атаман” алга уу?!

2024 оны 3 сарын 14

Arslan.mn

“...Цаст уулсын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг. Уг нь энэ чинь “...Нас явж, хүч чадал буурдаг нь орчлонгийн жам” гэсэн санаа байгаа юм. Ер нь том, гүн ч үг л дээ. Гэхдээ АН-ыг харахаар дээрх үг тохирч буух боллоо.  АН бол Монголын улс төрийн хоёр том намын нэг мөнөөс мөн. Энэ үнэн. АН яаж ч хуваагдаад ойр төсөрдөө улс төрийн шинэ хүчин гарч ирээд, эрэмбийг нь “нэг, хоёр”-оос буулгах хэцүү. Бас л үнэн. Монголын намуудын дээрээсээ хоёрт бичигддэг. Төрийн эрх барьж явсан. 24 жилийн түүхтэй нам шүү дээ. 

Гэхдээ АН үнэхээр арчаагүй байна. Хоёр сонгууль дараалан ялагдаад л бараг гудамжинд гарлаа. Шилжилтийнхний хэллэгээр “траншейнд орох” шахуу юм болсон. Гишүүд нь тарж, дэмжигчид нь салж эхэлсэн. Энэ бодит байдал шүү. 

Харин жилийн өмнөөс овоо цэгцэрч эхэлсэн. Даргатай боллоо. Бүр 15 дэд даргатай болоод авлаа. Генсекээ томиллоо. Намын бусад бүтэц эзэнтэй боллоо. Ингээд овоо явж байгаад дахиад л үйл ажиллагаа нь доголдоод ирэв. Арайхийж сонгогдсон, томилогдсон дарга нараа байнга гоочилж, үргэлж айлгаастай. Ерөөсөө, тэр нь АН-ын үйл ажиллагаа тогтворжихгүй байх гол үндэс болоод байна. Сонгуулийн хууль, СЕХ-ны хуанлигаар энэ сарын 25-нд сонгуульд орох намууд мөрийн хөтөлбөрөө аудитад өгөх ёстой. Гэтэл тэр үйл ажиллагаа нь шахаа шантаажинд орчихжээ.

АН дахь хэд хэдэн фракц “…Ойрын үед ҮБХ-г хуралдуулж, түүгээр шинэ генсек томилно. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ” гэж тохирчихоод байгаа юм байна. Одоогоор ил болоод байгаа 10 гаруй фракцын томоохнууд нь ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр АН-ын генсекийн асуудал яригдах нь ойлгомжтой гэсэн үг. Намын даргаа ч бас шантаажинд хийчихсэн. “…АТГ-т өгсөн” гэх мэдээлэл бий.

Яг үнэндээ сонгууль юу юугүй хаяанд ирсэн ийм цагт намынхаа “толгой”-гоор оролдох нь АН-д аль ч утгаараа тааруухан дүн авчирна. Одоо бол АН-ынханд эв нэгдлээс өөр юу ч хэрэггүй. Хэн намын дарга, хэн тэргүүн дэд дарга, хэн дэд дарга, тэгээд генсек, бусад нэгжийн дарга байх нь хамаагүй. Эвээ хичээж, цаашаа алхах л цаг байгаа юм. Тэгж байж 2024 оны сонгуульд амжилттай оролцоно. Харамсалтай нь тэгж чадах эсэх нь эргэлзээтэй. Яг ийм байдалтай ороод ялалт байгуулчихвал Монгол Улсад гай болж ч мэдэхээр байна. Яагаад гэхээр нэгэнт сонгогдсон намын дарга Лу.Гантөмөрийгөө Дээд шүүхэд бүртгүүлсэн цагаас нь л загнаж занаад, шахаж шантаажлаад эхэлсэн. Тэр нь хэвээрээ л байна.

“…Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэг шиг ядаж байхад Лу.Гантөмөр өөрөө маш нунж дорой байна. Нэгэнт АН-ын дарга болж бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байгаа хүн жаахан “даргалаг” байх хэрэгтэй л дээ. С.Эрдэнэ шиг зандралцаад, нудралцаад явсан ч яадаг юм бэ. Тэгж чадахгүй бол Н.Алтанхуяг шиг алийг нь ч гомдоохгүй, аяыг нь тааруулаад барьчихаж бас болно. Гэсэн ч ямар нэг талаар нь явалгүй тэхий дунд нь тээглэж зогссоор сонгууль ойртуулчих шиг боллоо. 

Генсек Э.Одбаяр нь бас л “дутуу” ажиллагаатай. АН-ынхаа бүх гишүүнд үйл ажиллагаагаа мэдээлдэггүй. “…Генсектэй боллоо” гэдгээ гишүүд нь мэдрээгүй. Хэдэн фракц дунд хөлсөө урсгаж гүйсээр цаг их авсан. Тэр хойгуур фракцууд нь уулзалдаад юм уу, тус тусдаа ярьсан уу, огруулахаар шулуудчихсан бололтой юм. Шулуухан хэлэхэд, яг өнөөдрийн бөгөөд ойрын хэдэн өдрийн хувьд АН дахь эрх мэдлийн тулааны “өндөрлөг” нь генсекийн суудал болчихоод байна. Ирэх долоо хоногт АН-ын ҮБХ хуралдана. Түүгээр генсек яригдана. Түүнээс улбаалаад хэлэхэд, 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдөр гэхэд АН-ын генсек гээд хэн сууж байхаас тус нам дахь эрх мэдлийн хуваарилалтад хэн жин дарсан нь харагдана. Энэ баталгаатай шүү. Учир нь АН-д байдаг 10 гаруй фракцын 3-4 нь л гол улс төрийг хийдэг. Тэр фракцуудыг экс Ерөнхийлөгч нар, одоогийн УИХ-ын гишүүд удирдаж байна. Бусдыг нь энэ намын “наяад оныхон” голдуу бүрдүүлж, фракцын тоо нэмцгээдэг. Тэгж фракц байгуулсан ч түүгээрээ дамжуулаад ч дориухан улс төр хийж чаддаггүй гэсэн үг. Гэтэл үеийнх нь МАН-ынхан намаа, засаг төртэй тэргүүлж байна шүү дээ. Энэ ч яахав, тэд өөрсдөө ч мэдээд л байдаг шиг юм билээ.

 “...АН-д хэн хамгийн хүч, нөлөөтэй вэ” гэдгийн тухайд одоогийн генсек Э.Одбаяр хэвээрээ үлдвэл УИХ дахь АН-ын бүлэг буюу О.Цогтгэрэл нар нөлөөгөө хадгалж үлдэнэ. Хэрэв Х.Баттулга, юм уу С.Баярцогтоор илэрхийлэгддэг фракцууд хүнээ тавьж чадвал тэднийх нь тал нөлөөгөө нэмнэ. 

Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн зүгээс энэ удаад генсект бараг л өөрийнхөө хүнийг тавьж чадахгүй болов уу. Учир нь түүнд генсекээр хүнээ тавих гэхээсээ Сонгуулийн хуулиар баталгаажтал өөрийгөө аюулгүй авч үлдэх нь чухал болоод байгаа юм. “Экс”-үүд янз бүрээр шахалт үзүүлдэг бол цаана нь “…АН-ын дарга болсон ч яах вэ” гээд бие бэлдээд явж байгаа Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын гишүүд байна. Ер нь бол энэ бүх зөрчил тэмцэл, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хуулийн хугацаанд л хашигдаж зогсохоор байна. Нөгөөтэйгүүр, энэ нь нэг зүйлийг хэлээд байгаа юм. Эдэнд АН-ыг нэгтгэх “атаман” л хэрэгтэй болсон байж магадгүй юм. 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655370
0 эможи

Зочин
2024-03-14 11:51
Баттулга амьд байсан цагт хэзээ ч нэгдэхгүй байхдаа!!!
Зочин
2024-03-14 09:34
ТАРААЧИХ ТЭНЭГҮҮД ОЛОН БАЙГАА ШҮҮ...ТАРСАН ДЭЭР ДЭЭ
keyboard_arrow_up