Өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд суртлын зургаан гомдол иржээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Биеийн тамир, спортын улсын хороо, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны худалдан авах ажиллагаанд хамаарах мэдээллүүдэд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг оновчтой төлөвлөх, авлигын эрсдэлийг бууруулах ажлыг сайжруулах зорилгоор Увс, Ховд аймгийн болон Хан-Уул, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлэх ажлын саналыг хүргүүллээ. Түүнчлэн шударга байдлын 2023 оны судалгаагаар хангалтгүй үнэлэгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын шударга байдлын үнэлгээг сайжруулахад чиглэсэн дэд төлөвлөгөөний төслийг боловсруулж хүргүүлэв.
Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэн, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.