“АТГ-т шалгагдаж буй 25 хүн дотор хотын дарга асан Д.Сумьяабазар, сайд Ж.Сүхбаатар нарын нэр байхгүй“
УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс байгуулсан ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны явц ямар байгаа талаар ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө.
АН-ын гишүүн Ц.Уянга " Эрх баригчид нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны шүүх хурлаар нэр төдий хариуцлага ярьж, жүжигчилсэн тоглолт хийсэн ч хэнд ч бодит хариуцлага тооцоогүй.
Сонгуулийн өмнө эрх баригчид жүжгээ үргэлжлүүлж, хотын дарга асан Д.Сумьяабазар буруугүй, дунд, доод шатны албан тушаалтнууд д буруутай мэтээр харуулах гэж байна. Хэрэв хянан шалгах түр хороо байгуулагдсан бол ядаж хил гаалийн бичиг, дансны хуулгаас эхлээд мэдээллийн иргэдэд нээлттэй танилцуудах байлаа. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх 25 хүнийг ногоон автобусны хэрэгт биш, цахилгаан автобусны доторх эд ангийг сольсон гэх хэрэгт л буруутгаж байгаа." гэв.
Ажлын хэсгийн гишүүн Л.Ганхөлөг "Ажлын хэсэг эцсийг нь хүртэл явж үр дүн гаргах ёстой гэж үзэж байгаа. Хамгийн ноцтой зөрчил бүхий албан бичгийг сугалж авч үлдээд байна.
Төсөвт суугдсан 318 тэрбум төгрөг маш олон хуулийн зөрчилтэйгөөр хулгайлагдсан. АТГ-т шалгагдаж буй 25 хүн дотор тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазар, сайд Ж.Сүхбаатар нар байхгүй. Энэ хоёр нийлээд 135 тэрбум төгрөгийг байхгүй болгочихсон.
Дараа нь Х.Нямбаатар хотын дарга болоод үлдэгдэл 185 тэрбум төгрөгийг байхгүй болгож байгаа. Парк шинэчлэлийн тал мөнгөөр 600 ширхэг шинэ автобус авсан. Гэтэл 318 тэрбум төгрөгөөр 600 хуучин автобус авах гэж байсан." гэв.