С.Баяр: 2009 онд 400 автобус авсан 35 тэрбум төгрөг нь хэний халаасанд шингэв. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2009 оноос эхлэн худалдан авсан автобуснуудын худалдан авалттай холбоотой хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "2009 онд 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Шууд худалдан авалт хийсэн сайд нь Х.Баттулга, санхүүжилтыг олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан "Зөв. Мэдээллийг ингээд ил тод, нэр, албан тушаалтай нь ярих нь зүйтэй. Хэн нь сайд, хэн нь Ерөнхий сайд байсан юм. Гэхдээ иймэрхүү хэргийн тухай сонирхуулж яриад байх нь хангалтгүй. Ийм яриа зөндөө сонсов. Хариуцлага хэзээ нэхэгдэх вэ. Энэ 35 тэрбум нь ямар шийдвэрээр, хэний халаасанд шингэв? Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.