М.Тулгат: Иргэдийн төлөөлөл НИТХ-ээр сонгодог “ХОТЫН ДАРГА“-ыг Засгийн газраас шууд томилдог байж болохгүй!
"Ногоон автобус"-ны дуулианаар эхэлсэн Улаанбаатар хотын захирагчийн асуудал дээр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат тэргүүтэй төлөөлөгчид дуугарч эхэлсэн билээ. Тухайн өдөрт нь Д.Сумьяабазар өрөгдлөө өгч чөлөөлөгдсөнөөр шинэ хотын даргын асуудал урган гарч ирэв.
Засгийн эрх баригч МАН шууд томилгоо хийсэн асуудалд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүнээс татгалзан хотын даргын ажил руу улайран зүтгэж байна. Энэ бол иргэдийнхээ итгэл, саналыг уландаа гишгэсэн үйлдэл юм. Х.Нямбаатарыг хотын дарга болговол НИТХ тарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.
Энэ талаар тэрбээр "Өчигдөр маш ноцтой мэдээллийг МАН хийлээ.Энэ бол 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалаас хойш ухарсан мэдэгдэл байсан.
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий Сайд, эрх баригч МАН-аас нэр дэвшүүлэн томилж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн 59-ийн 1 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн заалт байдаг. Мөн Үндсэн хуулийн 60-ийн 2 дугаар хэсэгт шат шатны Засаг Даргыг тухайн шат шатны ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий Сайд буюу дээд шатны засаг дарга баталгаажуулж, томилно гэдэг заалт байдаг. 62-ийн 2-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно гэдэг заалт бий. Эдгээр Үндсэн хуулийн заалтуудыг шууд зөрчсөн асуудал боллоо.
Өнөөдөр Улаанбаатарын иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэдэг асуудлыг тавьдаг. Гэтэл үүнээс бүр ухарч, иргэдийн төлөөлөл НИТХ-ээр ч биш Засгийн Газраас томилдог болж ухарч байна.
Хэрвээ Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаар томилно гэдэг асуудлыг цуцлахгүй, эргэж харахгүй бол, эргүүлэн татахгүй бол НИТХ тарах ёстой.
Мөн УИХ-ын гишүүн анх сонгогдоод тангараг өргөдөг. Гэтэл УИХ-ын гишүүн үүргээсээ татгалзаад хотын дарга болох гэж байгаа нь иргэдийн саналыг уландаа гишгэж буй хэрэг. Иймээс нийслэлийн иргэн бүр үүнийг эсэргүүцэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Мөн тэрбээр Улаанбаатар хотын иргэд хотынхоо даргыг өөрөө сонгодог болмоор байна. Хотын дарга бидэнд таалагдахгүй байна гэсэн ийм асуудал тавьдаг. Гэтэл энэнээс ухарч, өнөөдрийг хүртэл иргэд маань НИТХ-ын 45 төлөөлөгчөөрөө буюу төлөөллөөрөө дамжуулж нэр дэвшүүлэн сонгож байсан бол одоо бол шууд дээд шатны байгууллагаар босоо байдлаар сонгодог ийм том ухралт руу орж байгаа юм.
УИХ-ын гишүүн анх сонгогдохдоо ард түмэнд тангараг өргөдөг. Үндсэн хуулийн 23.1-р зүйлд “УИХ гишүүн нь ард түмний элч бөгөөд нийт иргэд, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн зүйл заалтын дагуу ажилладаг.
Гэтэл хууль тогтоогч болно гээд УИХ-д сонгогдсон хүн гишүүнийхээ үүргээс татгалзаад хот, нийтийн аж ахуй, менежментийн чанартай хотын даргын ажил руу улайран зүтгэж байгаа нь бол үнэхээрийн хотын иргэдийнхээ итгэл, саналыг уландаа гишгэсэн үйлдэл гэж харж байна гэдгийг хэлсэн юм.