ХҮН нам: Бага сургуулийн сурагчдыг формгүй болгож, ПОЛО цамцаар солих санал гаргаж байна
Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор "Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.
Гэтэл 10 жилийн өмнө хийгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмсөж буй дүрэмт хувцас нь тэдний эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.
Хүүхдийн дүрэмт хувцасны хувьд биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс болон чийгийг гадагшлуулах шаардлагатай. Харин 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг өмсөхөөр олон асуудал гардаг.
Тиймээс амжиргааны түвшнээсээ хамаараад олон төрлийн өнгө зааж өгдөг. Жишээ нь пиджакны оронд ханцуйтай, ханцуйгүй поло цамцыг санал болгож байна. Энэ нь хүүхдийн биед тав тухтай, сунадаг материалтай, хичээлийн дараа ч өмсөх боломжтой юм. Тиймээс холбогдох яам байгууллагууд бидний саналыг харгалзан үзэж, эцэг, эх, ард иргэдэд сонголтыг өгөөсэй гэж хүсэж байна" гэв.