С.Баярцогтын “15 гал хамгаалагч”-ийн учир ба Х.Баттулга нарын “Онц их хурлын төлөө” хөдөлгөөний сураг
АН-ынхан эвлэж нэгдэх нь бараг л нийтийн эрх ашиг болсон. Яагаад гэвэл, сөрөг хүчингүй шахам найман жил өнгөрөв. АН энэ хугацаанд сөрөх байтугай дагаад урсах ч тэнхэлгүй шахам байлаа. Гэвч одоо 2024 оны ээлжит сонгууль тулчихсан. Дахиад өмнөх шигээ явж ороод нам тавиулах уу, өөр хоорондоо эвлэж нийлээд хүч үзэх үү. Ийм сонголт дээр ирсэн юм.
Хамгийн гол нь энэ эвлэрэлд боломжит богинохон хугацаа үлдээд байв. Ёстой л өдөр, цагаар хэмжигдээд байлаа. Ийм шахаанд орсон АН-ынхан эвдэрсэн, хэмхэрсэн чигээрээ уржигдар ҮБХ-гоо хуралдуулав. Үүнийг тус хурлын эхнээс дуустал, тэгээд гаргасан шийдвэрээс тодорхой харагдлаа.
Гэхдээ муудах сайдах ч яахав, ямар ч намд байдаг л юм. Харин Тэргүүн дэд даргатайгаа нийлээд 15 дэд дарга томилсон нь олны анхаарлыг татав. Намынхан нь ч энэ 15-аа тойроод “...Өмнөөс нь ичиж үхлээ”, “...Манай нам тарвал таарна”, “...Нэг ч сонгогдож үзээгүй хүмүүс дэд дарга боллоо”, “...УИХ-ын нэг ч гишүүн дэд дарга болсонгүй”, “...Шантаажчингууд л дэд дарга болсон байна” гэж муулаад сүйд. Дахиад ч ийм тооны Нарийн бичгийн даргатай болох гэнэ. Үнэхээр ч энэ бүхэн солиорол гэмээр сонсогдож байгаа юм. Гэхдээ дэд даргынхаа тоогоор лав дэлхийд байхгүй нам болсон нь цаанаа учиртай аж. Тэр нь юу гэхээр, Лу.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш л хоёр экс Ерөнхийлөгчийн шахаа, шантаажинд амьдарч ирсэн.
Х.Баттулга нь өөрөө халзагнадаг. Харин Ц.Элбэгдорж тэгдэггүй. Ард нь байдаг. Түүний “түлхэж”, зөвлөдөг хэд хэдэн хүн бий. Тэднээс арай дөнгүүр нь С.Баярцогтыг гэдэг. Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны энэ хурлаар түүнийг гаргаж ирэх гэж л хэн нэгэн ухаантан энэ 15 дэд дарга гэдэг солиотой санааг гаргасан бололтой юм. Лут төлөвлөгөө.
Хэрэв уламжлалтаар буюу улс төрийн намуудын жишгээр бүтцээ ярьсан бол С.Баярцогт гарч ирэхэд хэцүү. Түүний шүүхтэй холбоотой асуудал сөхөгдөнө. Гишүүд нь “...Ингэвэл нам муухай харагдана” гэж үзнэ. Хавар Лу.Гантөмөрт ялагддаг шиг унах магадлалтай. Тиймээс намынхаа гишүүдэд 15 дэд даргаа хаяад тэр дундуур С.Баярцогт гараад ирж байгаа юм. Энэ нь дэд дарга болсон 15 хүнийг харсан ч ойлгогдохоор тодорхой байна. Эдгээр дэд дарга дунд АН-ыг төлөөлөөд дуугарчих хүн таваас илүү харагдахгүй байгаа юм. Товчхондоо, С.Баярцогтыг АН-ын удирдлагад гаргах “экс”-ийн төлөвлөгөө амжилттай хэрэгжлээ. Одоо АН түүний гарт нэгэнт орлоо.
Яахав, 15 дэд дарга дунд Х.Баттулгыг дагаад “хөх туг” хийсгэж явсан хүмүүс харагдаж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тэд эрх мэдэлтэй дэд дарга нар биш. Зүгээр л С.Баярцогт руу ирэх нам доторх болоод нийтийн шүүмжлэлийн “гал хамгаалагч” нар юм.
Ер нь бол АН-ын удирдлагын төлөөх тэмцэлд Х.Баттулга дахиад л ялагдчихлаа. Тэрбээр Ордноос ч, гудамжнаас ч Ц.Элбэгдоржийг барахгүй юм байна. Үүнийгээ дахин нотоллоо. Гэхдээ тэр бууж өгөхгүй нь бололтой. ҮБХ-ны хурлын шийдвэрээс болж маш олон гомдогсод бий болсон. Уржигдар шөнөөс эхлээд тэднийг нэгтгэж “АН-аа аврах Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр АН-ын ҮБХ-ны хурал “үргэлжлэл”-тэй гэсэн үг. Хамгийн эвгүй нь геополитикийн ийм үед улс төрийн нам ийм аргаар удирдлагаа булаалдаж буй нь маш аюултай юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин