С.Баярцогт: АН-ын хоёр дах үе буюу дахин сэргэн мандах үе эхэлж байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж нэг тэргүүн дэд дарга, 15 дэд дарга, ҮБХ-ны Тамгын газрын дарга нараа томилов.
Тодруулбал, намын дарга Л.Гантөмөр дэд даргаараа С.Баярцогтыг, ҮБХ-ны Тамгын газрын даргаар С.Батзаяаг, 15 дэд дарга томилохоор нэрсийг нь танилцуулж, ҮБХ баталгаажуулсан юм.
Тэгвэл шинээр Тэргүүн дэд даргаар томилогдож буй С.Баярцогт " Манай нам хуваагдалтай байгаад учраа олохгүй нэлээн удсан. Одоо бол албан ёсоор нэгдсэн нэг нам болж төлөвшиж, даргатай, тамгатай болсон. Өнөөдөр бүтцийн байгууллагаа бүхэлд нь байгууллаа. Мөн дунд шатны байгууллагуудыг шинээр байгуулах журмаа баталсан. Тиймээс одоо маш хурдан хугацаанд зохион байгуулалтаа хийнэ.
Наадмын маргааш намар гэдэг шиг Ардчилсан нам одоо шууд сонгуулийн ажилдаа орох зохион байгуулалтын ажил хийгдэнэ.
Манай намын хоёр дах үе буюу дахин сэргэн мандах үе эхэлж байна. 1990 оноос хойш манай намын ардчилсан хувьсгал эхлүүлсэн хүмүүс маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад дараагийн үедээ шилжүүлж өгч байгаа торгон агшин байгаа.
Би ямар ч шүүмжлэлийг бүтээлчээр хүлээж авдаг. Зарчмын хувьд хүчтэй өрсөлдөгч хүчтэй шүүмжлэгч байж хүчтэй улс төрч төрж гардаг гэдэг шүү дээ." гэв.