Н.Алтанхуяг: “Үгээ хэл эсвэл шоронд ор“ гэсэн. Би шоронд орохыг сонгосон
Хөгжлийн банкны гэх шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал төгсгөлийнхөө шатанд орж шүүгдэгчид шүүхэд эцсийн үгээ хэлж байгаа юм.
Өнөөдрийн шүүх хурал шүүгдэгч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн үгээр эхэллээ.
Тэрбээр " Хоёр сарын хугацаанд асуудлыг бүх л талаас нь ярилаа. Хамгийн түрүүнд өмгөөлөгч нартаа баярлалаа. Манай өмгөөлөгч нар ямар сайн хүний эрхийн мэдрэмжтэй, ямар мундаг мэргэжилдээ эзэн болсон хүмүүс вэ. Энэ танхим дахь гэрэл гэгээ бол манай өмгөөлөгчид.
Хөгжлийн банкны хэрэг гэж байгаа боловч энэ бол эдийн засгийн харилцаа. Хэн ч хүчээр зээл олгоогүй. Харилцан тохиролцоод л өгөлцөж авалцсан асуудал. Гэтэл 80 хүнийг бөөгнүүлээд шүүх рүү оруулаад ирлээ. Энэ бол буруу шүү. Хүний хувь заяагаар тоглож байгаа хэрэг. Хөгжлийн банкийг идэж уусан хулгайч нарын шүүх хурал болж байна гэсэн ойлголт орон даяар явж байна. Үүний далбаан дор хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлж боох нөхцөл байдал үүссэнийг шүүгч нар анхааралдаа авна биз.
Би хоёр сарын хугацаанд УИХ-ын үйл ажиллагаанд оролцсонгүй. Шүүхийн асуудалтай байгаа учраас эндээ суух нь зөв гэж үзсэн. Гэхдээ УИХ-д ирүүлсэн материалуудтай танилцлаа. Хөгжлийн банкны 2022 оны тайланг УИХ-д ирүүлсэн байна. Энэ тайланд "Хөгжлийн банкны удирдлагууд болон зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл, мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор нийт 27287 материал нийтлэгдсэн байна. Үүнээс цахим хуудсанд 6666, фэйсбүүкт 10117, твитерт 9824, өдөр тутмын сонины 380 орчим дугаарт мониториг хийж мэдээ мэдээллийг баримтжуулав" гэсэн байна. хөгжлийн банк зээлийнхээ араас явах ёстой. Гэтэл пи ар хийдэг байгууллага болчихсон юм уу. Зээлдэгч нараа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг байгууллага болчихсон юм уу. Ингэж болохгүй. Хэрээс хэтэрлээ. Хөгжлийн банкны гэх энэ хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Энэ бол улс төрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах зүйл рүү хазайж хэлбийсэн байна. 27 мянган метариал нийтлэгдэж байхад гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ.
Бэлэн байгаа хэрэг рүү хүнийг яаж татаж оруулдгийг энд ярихыг хүсэж байна. Би ямар нэгэн буруу зөрүү зүйл хийгээгүй. Тиймээс өөрийгөө өмөөрөх шаардлага алга. Зээл олгох шийдвэр гаргадаг газар нь Засгийн газар биш. Авлига өгсөн, авсан зүйл байхгүй. Авлига авсан байх гээд тагнан турших ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Намайг Засгийн газрын шийдвэрээр л буруутгаж байгаа. 2016 оны арваннэгдүгээр сарын 5-нд манай эхнэрийг гадагшаа явах гэж байхад нь хагас сайн өдөр нисэх буудал дээр саатуулсан. АТГ-ын Золжаргал гэдэг нөхөр. Тэгээд хагас сайнд АТГ руу авч явж байцаана гэж дарамталсан. Би арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэх гээд төлөвлөж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Өмгөөлөгч явуулж байж эхнэрээ гэртээ авч ирсэн. Гэтэл хоёр сарын турш манай эхнэрийг нэг ч дуудаагүй.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх гэж үзсэн. Гэвч тэр асуудал нь нурсан. Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дэмжсэн гэдэг асуудлаар буруутгаж эхэлсэн. Одоо намайг энэ асуудлаар яллаж байгаа. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Засгийн газрынхаа шийдвэрээр шүүгддэг байдал надаар дуусах болтугай." гэв.