“Капитал” банкныханд давуу байдал олгосон үндэслэлээр С.Эрдэнэд ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, АН-ын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан С.Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. “Капитал” банканд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж, тус банкны удирдлагад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан түүний хилээр гарах эрхийг
хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-нд авсныг бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн. НПГ-аас С.Эрдэнэд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.5- ын “Хуримтлалын сангаас арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэх заалтыг зөрчин, тус сангийн мөнгөн хөрөнгийг “Капитал” банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Түүнтэй хамт НДЕГ-ын дарга асан, хожим нь С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, НДЕГ-ын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нарыг яллагдагчаар татаад буй. Уг хэрэгт яллагдагчаар татагдаад байсан, НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр 2021 онд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн юм.
Тэднийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтарсан шийдвэр гараагүй байхад “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдтой 2016 оны долдугаар сард удаа дараа гэрээ байгуулж, эдийн засгийн давуу байдал олгосон гэж буруутгасан билээ. Үүнээс өмнө НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан “Капитал” банкны захиралтай 2015 онд мөнгөн хадгаламжийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулж, уг хугацаа нь дуусаагүй байхад Д.Мэндбаяр сунгах гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин