О.Цогтгэрэл: Ардчилсан намын даргын суудалд БУРХАН байсан ч харлуулдаг
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Сүүлийн үед бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Тэр тусмаа зах зээлийн эдийн засаг гэдэг чинь зээл, хөрөнгө оруулалт дээр тулгуурладаг. Хууль ном журмын дагуу зээл авч, төлөөд явж байгаа нэгнээ хавтгайруулж, нийгмээрээ буруутгаж байна. Энэ асуудалд тал талын байр суурьтай хандах нь зүйтэй. Боловсролын зээлийн сангийн асуудалд тухайн үеийн зээлийн журам нь ямар байсан юм бэ. Л.Гантөмөр даргын хүүхэд нь шаардлага хангаад зээл авсан гэдэг мэдээлэлтэй байгаа. Ер нь сөрөг хүчнээ намнаж, харлуулдаг болж. Нэг хэвлэлд Ардчилсан намын даргын суудалд бурхан байсан ч харлуулдаг гэсэн нийтлэл бичсэн байсан. Энэ бол өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал. Эрх баригчид өнгөрсөн жил халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж байсан. Бид ч гэсэн үүнийг зөв зүйтэй гэж дэмжиж байсан.
Гэтэл бага багаар дуу нь суларсаар байгаад тэр үг бүрмөсөн алга боллоо. Баялаг бүтээж бий болгоогүй, түр зуурын эдийн засгийн өсөлтөөр бий болсон мөнгийг үрэн таран хийж байна. Хий хоосон тооцоолол дээр сонгуулийн өмнөх шоу хийж байгаад болгоомжтой хандаж байна.
Үнэхээр цалин тэтгэвэр нэмэх шаардлагатай юу гэвэл тийм. Яагаад гэвэл бид одоо 150 ам.долларын цалин, тэтгэвэртэй улс болоод байна. Гэтэл үүний цаана ердийн бизнес эрхэлж буй 700 мянган иргэн байна. Үүнд ямар хөшүүрэг хийх вэ. Халамжаас хөдөлмөр рүү шилжих хавсарсан бодлогын шийдэл байхгүй байна. Том дүнгээр халамжийн сан л нэмэгдэж байна. Улсын төсвийн ДНБ-д эзэлж буй харьцаа түүхэн дээд хэмжээ рүү ойртож байна. Бараг 40-өөд хувь руу ойртсон. Данхар төр рүү шилжиж буй нөхцөл байдал руу явж байна" гэв.