Ж.Батзандан: Намайг хэлмэгдүүлсэн. Би Содномдаржаа, Чимэг нар шиг цагаатгагдана
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр цаг үеийн асуудлаар байр сууриа илэхийллээ.
Тэрбээр "Эрх баригч намын толгой нь эргэсэн байна. Хоёр удаа 60 гаруй суудал авсан эрх баригчид амьдралаас тасарсан байна. Тэдний гаргасан шийдвэр бүр буруу болж байна. Мөхөх төрд бурхан ухаан хайрладаггүй гэж үг бий.
Манай эрх баригчид удахгүй Монголын төрөөс зайлах нь тодорхой болжээ. Шүүр ажиллагаа магадгүй эрх баригчдыг өөрсдийг нь шүүрдэх гэж байна гэж би харж байна.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр хорьсон байна, хэлмэгдүүлсэн байна, хууль бус хэрэг тохож, эрүүдэн шүүсэн байна гэдгийг Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурав УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон удаа ярьж байсан. Би магадгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронд хамгийн их эргэсэн УИХ-ын гишүүн байх. Сар болгон эргэж очдог байсан. Өчигдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй боллоо, цагаадлаа. Үнэн яллаа. Намайг хэлмэгдүүлсэн. Би Содномдаржаа, Чимэг нар шиг цагаатгагдана" гэв.