С.Эрдэнэ Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ
Хоёр талд хуваагдаад буй АН УИХ-ын гишүүн Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нарыг намын даргад зэрэг нэр дэвшүүлсэн юм. Улмаар Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн.
Тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Улсын дээд шүүх илтэд хууль бус шийдвэр гаргасан учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Дээд шүүх шийдвэр гаргахдаа Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намыг бүртгэх журам, АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн. Энэ шийдвэрийг гаргасан Дээд шүүхийн шүүгч нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Тиймээс АТГ, шүүхийн Ёс зүйн хороонд хандана" гэлээ.