Эрх зүйч мэргэжил эзэмших АН-ын гучин гишүүний төлбөрийн 50 хувийг АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан ИВЭЭН ТЭТГЭНЭ
Өнөөдөр /2022.11.14/ Ардчилсан нам, Олон Улс Судлалын дээд сургуультай хамтран 9 дүүрэг, 21 аймгийн нийт 30 нэгжийн төлөөллийг хамарсан “Хууль эрх зүйн бакалавр”-ын зэрэг олгох сургалтын нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын Дэд дарга Т.Пүрэвхатан, Олон Улс Судлалын дээд сургуулийн захирал Монгол Улсын Гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэв нар болон сургалтад хамрагдаж буй гишүүд оролцлоо.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ардчилсан нам анхан болон дунд шатны нийт гишүүддээ хууль эрхзүйн мэдлэг олгох, цаашлаад шинэ залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино. Мөн сургалтад хамрагдаж буй гишүүдийн сургалтын төлбөрийн 50 хувийг Ардчилсан намын Дэд дарга Т.Пүрэвхатан өөрийн зүгээс ивээн тэтгэж байгаа юм.
Нээлтийн үеэр тэрээр хэлэхдээ, “Агуу их Сократ “Хүн болгонд нар бий, түүнийхээ гэрэлтэх боломжийг олго” гэсэн байдаг. Та бүхэнд бүгдэд нь нар бий. Түүнийгээ улам гэрэлтүүлж хөгжүүлээрэй. Би боловсролыг тултал нь дэмжиж хүний хөгжилд онцгой анхаарна. Эмч хүн хүнийг эмчилдэг бол эрх зүйч, хуульч хүн нийгмийн эмч юм. Эрүүл нийгмийг хамтдаа бүтээж иргэддээ хүрч үйлчлэх хууль эрх зүйн чадварлаг мэргэжилтнүүд төрөн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна ” гэлээ