Зайсан, Тэрэлж, Яармагийн орон сууцнуудаас ТАТВАР АВНА
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өчигдрийн хуралдаанаар газрын тухай багц хуулиар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан. Газрын тухай ерөнхий хуулиас гадна Иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэх газар чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцэх юм. Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруух зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ" гэлээ.
Газрын тухай багц хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Газар бол улсын үндэс. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0,04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн эрхийг баталгаажуулах чиглэлээр тодотгох шаардлага байна. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн байхгүй. Өнөөдөр 1,1 сая иргэн хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх харилцаанд орсон байна. МУ-ын бүх хүнд хамаатай эрх зүйн харилцаанд шинэтгэл хийх гэж байна. Тусгай хамгаалалтай газар дээр отог барих нэрийдлээр хэдэн их наяд, хэдэн 100 мянган орон сууцууд ямар ч улсын бүртгэлгүй байна. Тухайлбал, Зайсан, Тэрэлж, Яармаг. Хамгийн үнэтэй баялгаа огт үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Өнөөдөр газрын 97-98 хувь нь татвар төлбөрөөс чөлөөлөгддөг. Үүнээс үүдэн үнэгүй олгож байгаа нэрийдлээр далд байдлаар эрх мэдэл бүхий хүмүүс газрыг үнэтэй зардаг. Эргээд орон сууц авч байгаа иргэддээ газрынхаа авлигыг шингээгээд өндөр өртөгтэй орон сууж баригдах нөхцлийг бий болгодог. Газрын багц хуулийн хүрээнд далд байгаа эдийн засгийн ил болгож, татвар авах эдийн засгийн хөшүүрэгтэй хамт шийднэ. Төрийн бүх байгууллагын дарга нар байгууллагын эзэмшил газрыг зарсан. Улаанбаатар хотын иргэд Богд уул, Туул гол руу гарч гарч чадахгүй байна. Нэг эзэмших эрхтэй байгууллага нь хашаа хатгачихсан. Тэгэхээр цаашид нийтийн эзэмшлийн газар луу хувийн өмчөөр дамжин өнгөрөх, хувийн өмчийн газар байсан ч газар доогуур инженерийн байгууламж барих эрхийг баталгаажуулна " гэлээ.