Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...

2022 оны 10 сарын 03

Arslan.mn

"...АН-ынхан эвлэрэхээр уулзлаа" гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гялайх мэдээ байв. Учир нь МАН дангаараа засаглаж буй энэ цаг үед АН учраа олох нь Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байгаа юм. АН-ынхан эвдрэлцэж, намаа тарамдаж хаяснаас болоод тэдний эзэлж байсан сөрөг хүчний роль эзгүйдээд удаж буй. Гэвч "...Могой гурав тасравч гүрвэлийн дайтай" гэдэг шиг АН-ын сөрөг хүчний байрыг эзэлчих ямар ч жижиг нам алга. Хүссэн ч, эс хүссэн ч АН л дахин сэргэж байж МАН сөрөг хүчинтэй болох нь тодорхой болсон. Тэр утгаараа АН-ынхны элдвийн уулзалт олны анхаарлын төвд байгаад байдаг хэрэг. Өнгөрсөн долоо хоногт дуулиан шуугиантай уулзалтыг ч ийм агуулгаар харж байв. Гэвч АН-ын жирийн гишүүд, дэмжигчид хийгээд улс төрийн хүрээнийхний хүлээлт талаар болов.

Уг нь АН эвлэж нэгдэх нь чухал уу гэвэл чухал. Гэхдээ энэ эвлэрэл шинэчлэлтэй, шийдэлтэй байх ёстой юм. Харин энэхүү Шангри-Лагийн уулзалт нь тэс өөр хүрээнд болж, тэгээд ямар нэг шийдэлгүй өнгөрөв. Хүлээлт юу байсан гэхээр эхлээд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тамгаа нэг болгож, тэгэхдээ Дээд шүүхийн удаа дараа татгалзаад байгаа дүрмээ нэг болгож шийдэх байсан. Дараа нь АН-ын удирдлагыг албан ёсоор шинэчилж, өнгөрсөн 22 жилийн түүхэнд намын удирдлагад гараагүй залууст тамгаа хүлээлгэж өгөх байв. Аль нь ч болсонгүй.

Энэ уулзалтад хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд болсон С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нь оролцсонгүй. Тэднийг төлөөлсөн хүмүүс гэх хамт яваад байдаг ч эрх зүйн болоод бодит амьдралын чадамжгүй хэдэн нөхөр очсон байна. Тэр хоёр очоогүй учраас эвлэрэх талаар ярих боломж бараг байхгүй болчихож байгаа юм. Уулзалтаар бас шинэчлэлийн тухай ярьсангүй. Яриад ч нэмэргүй байжээ. Учир нь АН-ын ирээдүй хэмээгдэж байсан залуус нь "арын эгнэээнийхэн" гэдгээ уулзалт дээр хангалттай нотоллоо. "...Тэд хэзээ ч гарч ирэхгүй юм байна" гэдэг л маш тодорхой болов.  Ингэж хэлэх нэг үндэслэл бол С.Эрдэнэболд нарын залуус уулзалтын өмнөхөн  "...Намаа шинэчилнэ" гээд АТГ-ын үүдэнд хонож өнжиж эсэргүүцээд "...С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна. Х.Баттулгыг ямар ч гэмт хэрэгт шалгаагүй" гэсэн бичиг авсанаар тэмцлээ зогсоосон юм. Ингээд АН-ын 80-аад оны залуус намаа удирдана гэдэг даший шоо болов. Тэд Шангри-Лагийн уулзалтын зураг дээр зогсдог шигээ нэг насаараа арын эгнээнд үлдэж байна. Харин энэ уулзалтаар С.Баярцогтын АН-ын даргад "нэр дэвшиж" буйг л нийтэд зарлалаа. С.Баярцогт хэн бэ гэдгийг бүгдээрээ мэднэ.

Шулуухан хэлэхэд "...АН-ынхан эвлэрнэ" гээд Шангри-Лад хийсэн уулзалт ерөөсөө АН-ынх биш. Харин "...МАНАН-гийнхан уулзлаа" гэвэл үнэнд дөтөлнө. Уулзалдсан хүмүүсийг нь харахад олон таван тайлбар хийх хэрэггүй байна. Ер нь бол сүүлийн МАНАН илэрхий идэвхжиж эхэлсэн. Тэд улс төр дэх бууриа учраа олохгүй байгаа АН дээр засахаар ажиллаж буй аж. С.Эрдэнийг "улс төрийн бус арга"-аар зайлуулж, оронд нь С.Баярцогтыг залсанаар албан ёсны нэр нь АН болно гэсэн үг.

МАНАН ингэж яаран сандран олны өмнө гарч ирж буй нь ч учиртай аж. Тэр нь, энэ бүлэглэлийн "гишүүд"-ийн хэргүүд шүүхэд шилжихээр болсонтой холбоотой юм байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк, бусад хэргүүд прокурор дээр "гацчихаад" байгаа юм. Эдгээр хэрэгт одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал тавьдаг. Гэхдээ тэр ойрд чимээгүй байна. Харин сүүлд Японд явсан хойгуур нь энэ уулзалт болж байх юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дуулиан дэгдлээ. Бас нэг сайд суудлаасаа мултрав. Сайдын хувьд унах нүхээ өөрөө ухсан. Гэхдээ тэр рүүгээ хурдан унагахад "хүчтэй хүчин" тусалсан. Олны нүдэн дээр ил л байна лээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн "анхаардаг" зарим хэрэг маапаан шүүхэд шилжих гээд МАНАН-г сандаргаж байх шиг байна. Тэгэхээр МАНАН-гийн сөрөг довтолгооны бай нь Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ болж байгаа юм. Цаашид амаа хамхиж, ажлын алдаа гаргахаас болгоомжилбол зохино. Алдвал сайдын суудлаас амархаан сална. Унагах хүчийг тогтооход хэцүү. Сая бүгдээрээ харсан даа. Гэхдээ нэг анхаарал татсан  яриа улс төрийн хүрээнд газар авч байна. "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улсуудаар яваад, нөгөөх хэргүүдийнхээ талаар ойрд дуугарахаа болив. Хэргүүд нь прокурор дээр таг гацлаа. "..."Эрдэнэт"-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал явна" гэсэн Ц.Нямдорж засгаас явчихлаа. "Эрдэнэт"-ийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй үлдэв" гээд гайхацгааж л байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинA

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640985
0 эможи

keyboard_arrow_up