Ховдын Засаг даргын суудалд дэмжигдсэн Э.Болормаа гэж ХЭН БЭ
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Харин МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилох саналыг дэмжсэн байна.
Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхий сайд болоход нь Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй юм.
Мөн түүний аав А.Энхбатыг өнгөрсөн нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох тухай ярьж байв. Учир нь охин Э.Болормаа нь Ерөнхий сайдын зөвлөх учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн нэрээ татсан гэх мэдээлэл бий.
Энэ бүхнээс дүгнэж харахад, Э.Болормаа гэх эмэгтэй яагаад тэр дээрээс бууж ирж байна. Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавыг огцруулсан шалтгаан нь ч бас үүнтэй холбоотой биш биз. Энд бас ашиг сонирхлын зөрчил байгаа болов уу гэсэн хардлага төрж байна, Ерөнхий сайд аа...