Э.Бат-Үүл: Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан
АН-ын даргаар сонгогдоод буй Х.Баттулга намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д хүргүүлээд буй. Улсын дээд шүүх түүний хүсэлтийг маргааш шийдвэрлэнэ. Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд УДШ-д нөлөөлөх гэж оролдож байгаа талаарх хууль ёсны Ардчилсан намын байр суурь, УИХ дахь АН-ын бүлгийн талаар АН-ын удирдлагын зөвлөл мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Бүлгийн гишүүдийнхээ өмнөөс ард түмнээс уучлал гуймаар байна. 2020 оны сонгуулиар 11-үүлээ орж ирсэн боловч албан тушаал хөөсөн зарим улс төрчид бүлгээс гарсан. Ардчилсан намын бүлгийн дарга ямар ч эрх ямба эдэлдэггүй гэдгийг хэлмээр байна. Нэг хүнийг албан тушаалд хүргэхгүй бол зулын гал болно хэмээн Улсын дээд шүүхийн гадаа жагсаж байна. Эрх баригчид энэ асуудлыг даруй шалгах хэрэгтэй.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Маргааш болох шүүхийн хуралдаанаар Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Х.Баттулга АН-ыг төлөөлөх, тус намын үзэл баримтлалыг төлөөлөх ямар ч эрхгүй. Яагаад гэвэл тэр хүн намын үзэл баримтлалаасаа урвасан. Х.Баттулга Монгол Улсыг ОХУ-ын дагуул улс болгох асуудлыг 2020 онд гаргаж тавьсан. Х.Баттулга шүүх хараат бус байх үзлийг уландаа гишгэсэн. Путины үзэл баримтлалыг дэлгэрүүлэгч. Хэрэв шүүх түүнийг бүртгэвэл Үндсэн хуулийн хямрал үүснэ. Х.Баттулга Үндсэн хуулийн хямралыг хүсэж байгаа гэж бодож байна.