АН-ын ҮБХ-ны гишүүдийн 80 хувь нь “Эрдэнийн АН”-ын ротацид бүртгүүлжээ
Албан ёсоор хоёр АН улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Аль нь жинхэнэ болохоо Дээд шүүхээр шийдүүлчих санаатай хоорондоо толхилцоод удаж буй. Нэг үгээр, АН хэмээх нэг суурь дээр хоёр өөр удирдлага, бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Харин Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд ч энэ хоёр АН-ын аль нэг талд нь шууд гарчихаагүй өнөөг хүрлээ.
Тэгвэл “Эрдэнийн АН”-аас энэ сарын 10-ны өдөр ҮБХ-ны гишүүдийн эргэлт буюу ротаци зарласан. ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг 2022 оны тавдугаар сарын 12-ноос 15-ны 20:00 цаг хүртэл бүртгэжээ.
Тавдугаар сарын 16-27-ны хооронд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж, 29-нд ҮБХ-ны шинэ гишүүд тодрох юм. Нэр дэвшигчид бүр гурван сая төгрөгийн хураамж, зургаан сая төгрөгийн дэнчин, нийт есөн сая төгрөг төлж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээллээр, АН-ын ҮБХ-ны одоо байгаа гишүүдийн 80 орчим хувь нь ротоцид оролцохоор бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл,
“Эрдэнийн АН”-ын ҮБХ-ны гишүүн болохоор АН-ын ҮБХ-д багтаж байсан фракцууд болоод үе үеийн төлөөллүүдийн дийлэнх нь бүртгүүлсэн байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Отгонбат, Ц.Жадамбаа нар хураамж, дэнчингээ төлөөд нэр дэвших эрхээ баталгаажуулжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин