МАН : Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын 5 гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс ХАСЛАА
Яг одоо МАН-ын Хяналтын хорооны хурлын шийдвэрийг танилцуулж байгаа билээ. Тус хорооны дарга Б.Баярбаатар мэдээллэхдээ "Хяналтын хорооны шийдвэрээр Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын таван хүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасахаар болсон. Түүнчлэн Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Дамдинням, Х.Ганхуяг, С.Бямбацогт, М.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат нараас албан ёсны тайлбар ирүүлэх үүргийг өгсөн. Эдгээр гишүүдийн албан тайлбараас хамаарч МАН-аас хасах эсэх асуудал яригдана гэлээ".
Харин УИХ-ын гишүүн Анандбазарын хувьд аль хэдийн намаас түдгэлзүүлсэн гэж тайлбар өглөө.
Түүнчлэн тэрээр "МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон" талаар тайлбар өглөө.
МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. Ингээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрэмтэй аж. Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэсэн байна.