С.Эрдэнэ: МоАХ-ыг би гайхаж байна. Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй
Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны удирдлагаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж буй. Тэгвэл тус холбоог үүсгэн байгуулсан Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс нийлж, өнөөдөр “МоАХ-ны онц 5 дугаар их хурал”-ыг зарлан хуралдуулж байна. Тус хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж байна.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ улс оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг хэлье. Би АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. 1990 оноос эхлээд улс төрийн бус байгууллага тодотголтой ганц байгууллага МоАх байсан. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Бүхий л эрхийг хаах гэж оролцож байна.
АН улс төр бодлогын түвшинд ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр ажиллах боломж тун хомс байна. 2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй. МоАХ-ыг би гайхаж байна. Нэг хүнийг дагаад мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Үнэт зүйл хаана байна вэ. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ын тамгыг шилжүүлж өгсөн. 15 жил МоАХ юу хийсэн бэ." гэж шүүмжлэв.









