Я.Содбаатар: Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын “Хотол түмэн” ХХК-ийн хувьцааг нь эзэмшдэг МБҮ трейд компани Хөгжлийн банкнаас 2018-2023 оны хугацаанд зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй.
Тэгвэл энэ талаараа Я.Содбаатар өөрийн цахим хуудастаа, “Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна. 2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК- ийг 2016 онд нэрийг өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно. Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна” хэмээжээ.