МАН: Өвлийн олимп дуустал урд хил хаалттай байх магадлалтай байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн КОВИД-19-ийн хууль буюу цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай хуулийг зургаан сараар сунгах хэрэгжүүлэх болсон талаар мэдээлэхдээ хил, гаалийн асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Хамгийн наад талын хугацаа ирэх гуравдугаар сар буюу олимпын наадам дуустал хаалттай байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дээрх хуулийг сунгах болсон тухайд байр сууриа илэрхийлэхдээ “БНХАУ зохион байгуулах өвлийн олимпыг дуустал хилийн хаалттай горимоо өөрчлөхгүй гэдэг мэдээлэл дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна” гэлээ.
Бээжингийн Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд үргэлжлэх бол Паралимпын Өвлийн наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд үргэлжлэхийг Олон Улсын Олимпын Хорооноос мэдэгдсэн юм.