МАН-ын ШИНЭ ЖИГҮҮРИЙНХЭН жагсаалд нэгдэнэ
Эрх баригч намынхны хувьд дотоодын үл ойлголцол их байгаа аж. УИХ-д олонхийн суудал авснаас хойш албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл ил, далд хэлбэртэйгээр явагдсаар буй. Гэхдээ үүний эсрэг тус намын энгийн шударга гишүүд эвлэлдэн нэгдэж “ МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо” байгуулагдаад удаагүй байна.
Шинээр мэндэлсэн энэ жигүүрт тус намын шударга гишүүд багтаж байгаа бөгөөд өнөөдрийн улс төрийн өнгө явцыг өөрчлөх, шинэчлэх, улс эх орныхоо төлөө дуу хоолойгоо өргөхөд бэлэн байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус холбооны тэргүүнийг АН-ын нөлөө бүхий эрхмүүд хүлээн авч уулзсан бөгөөд маргааш болох (10 дугаар сарын 1-ний) жагсаалд нэгдэж хамтдаа жагсахыг уриалжээ. Шинээр мэндэлсэн жигүүрт олны танил хэд хэдэн намын гишүүд багтсанаас гадна ихэнх дэмжигчид нь тус намын залуу, энгийн гишүүд байгаа юм. Тэд Засгийн газрыг хангалттай ажиллаж чадахгүй байгаа, иргэдийнхээ амь нас эрүүл мэнд, амьд явах эрхийг хязгаарласан, цар тахлын үед гаргасан шийдвэрүүдийн олонх нь буруу, олон нийтийг бухимдуулсан, ковидын халдварыг хяналтаас алдсан зэрэг олон шалтгааны хариуцлагыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нэхэн шаардахаар АН-ынхны санаачилж буй жагсаалд хамтран жагсахаар болжээ.