СУРАГ АЖИГ: Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Шадар сайд асан Я.Содбаатар удирдана
Энэ долоо хоногийн Баасан гараг /2021.06.25/ -т У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн аппаратад өмнөх Засгийн газрын багаа тэр чигээр нь авч очино гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас гадна найман зөвлөх мөн томилогдох юм.
Тэгвэл энэ айлын гал тогтоог хариуцахаар Шадар сайд асан Я.Содбаатар томилогдох бол УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны даргаар, Eagle телевизийн сэтгүүлч асан Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдоно гэсэн мэдээлэл байна.
Харин У.Хүрэлсүх өөрийн зөвлөхүүдээ “аль нэг улс төрийн намаас хамааралгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдүүлж байгаа” гэх мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд бол маш чухал албан тушаал юм. Өмнөх Ерөнхийлөгчийн хувьд эдийн засаг, хууль эрх зүй гээд чухал салбартаа зөвлөхгүй байсан тул хориг бүр нь алдаатай гарч, гишүүдийг доог тохуу болдог байв. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгийн багадаа найман зөвлөхтэй болох аж.