О.ЦОГГЭРЭЛ: АН-ын нэр дэвшигч болон багийнхан нь хариуцлага хүлээх ёстой
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор албан ёсны АН-ын байр суурийг хүргэж байгааг онцлоод АН-ын нэр дэвшигч болоод түүний багийнхан хариуцлага хүлээх ёстойг хэлэв.
Тэрээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой. Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.
Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлтгэж ажиллах болно" гэсэн юм.