Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоох талаар ярилцаж байна
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж АН-ын бүлгийн зарим гишүүд төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаад долоон өдөр болж буй юм. Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхисон юм.
Харин Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт зургаан гишүүний “ суулт” үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр захирамж гаргаж МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байгаа бөгөөд улс төрийн зөвшилцөлд хүрэх зорилготой байгаа юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
УИХ-аас ажлын хэсэг гарсан учир Сүхбаатарын талбайд сууж буй гишүүд өлсгөлөнгөө зогсоохоор ярилцаж эхэлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй бөгөөд яг одоо энэ асуудлаар шийдэлд хүрэхээр ярилцаж байна гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдлээ.