Ерөнхийлөгч Х.Баттулгын найруулсан жүжиг АН-ын гишүүдийн СУУЛТААР үргэлжилж, АН-ын тамганы шүүх хурал зарлагджээ
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж АН-ын бүлгийн зарим гишүүд төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаад тав хонож байна. Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхисон юм.
Харин Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт зургаан гишүүний “улс төрийн суулт” үргэлжилж байна.
Харин эдгээр гишүүдийн тэмцлийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй гэж буй юм. Учир нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахаар УИХ дахь АН-ын гишүүдийн суултыг хийлгэж байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр ирж өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзах үеэрээ “Манай Ганибал хааччихсан юм бэ, АТГ дээр явж байгаа сурагтай байсан. Өөр манайхнаас хэлэх зүйл байвал хэл хэл”хэмээн тайлангаа хүлээн аваад зогсоохгүй “хэвлэл мэдээлэл ийм олон байна гэж бодоогүй. Ил бишээр санал солилцох асуудал байна” гэж ярьсан нь дүрс бичлэгт үлдсэн юм.
Ингэснээр Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүдийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга чиглэл өгдөг гэдгийг намынх нь нөхөд хэлж байсныг Ерөнхийлөгч ийнхүү "баталчихав" гэж эх сурвалжууд мэдээлээд буй.
Мөн УИХ дахь АН-ын гишүүдэд зарим иргэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд “халдварын улмаас иргэд амиа алдаж, зарим аж ахуй нэгжүүд дампуурч, иргэд ажлын байргүй болж байхад эдгээр гишүүд яагаад өлсгөлөн зарлаж, сөрөг хүчний ажлаа хийгээгүй вэ” гэсэн шүүмжлэлд өртөөд буй.
Түүнчлэн Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон шийдвэр болоод Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрхгүй гэсэн хоёр нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр /2021.05.10/ нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд зарлагдаад байна.