ИЗНН: С.Ганбаатарын туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг АН-ын удирдлагуудад уриалж байна
Өчигдөр /2021.04.29/ С.Ганбаатар МАХН-аас гарах хүсэлтээ өгч, АН-д элсэж буйгаа олон нийтэд зарласан. Тэгвэл өнөөдөр тэрбээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ АН-ын Дотоод сонгуулийн хороонд өгөөд байгаа юм.
Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд хамт оролцсон ИЗНН болон МУНН-аас мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд дурдсанаар, С.Ганбаатар 2024 он хүртэл эвсэлдээ үлдэж, хамтран ажиллахаар ярьж байсан тохиролцооноосоо буцаж, тус эвслийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгожээ.
Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байна. Мөн “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигч С.Ганбаатарт итгэж саналаа өгсөн Орхончуудын итгэл хөсөрдөж байгааг ч дурдаж,цаашид тус эвсэл сонгогчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллахаа мэдэгдсэн байна.









