О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас бүртгүүлсэн 4 гишүүн дунд нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчийг тодруулна
Ардчилсан намны Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн. Энэ дөрвөн гишүүний дунд намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намын их хурлаар нэр дэвшигчийг нэрийг тодруулна." гэв.
АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс хоёр удирдлагатай болоод буй тус намын хоёр талд материалаа хүргүүлээд байна.
Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нар холбогдох материал, хүсэлтээ хүргүүлээд байна.
Харин М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар материал, хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.