Нам доторх асуудлаа АН цэгцэлж амжих уу?
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах хугацаа эхэлж байна. Тодруулбал, нам, эвсэлүүд 4.30-5.2-ны хооронд нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичиг, мөрийн хөтөлбөр хүргүүлэх ёстой юм. Энэ дагуу нам доторх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн марафон эхэллээ.
Тэгтэл АН намын дотоод асуудлаа шийдвэрлэж, цэгцэлж чадалгүй байсаар ерөнхийлөгчийн сонгуультай золгож байна. Намын нөхөд дотроо хагаралдан хоёр хуваагдсан эдгээр өдрүүдэд тус намынхан би, чи дээрээ тулаад байгаа. Цаасаар болон цахимаар хуралдаж, хоёр шинэ даргыг тодруулсан ч Улсын дээд шүүх аль алиныг нь бүртгэхээс татгалзсанаар одоогоор АН толгойлогчгүй л байна. Тэгсэн ч тэд дотроо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ зарлаад амжсан. М.Тулгатын толгойлж буй АН-аас Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн даргалж буй АН-аас С.Ганбаатар, Н.Алтанхуяг, З.Энхболд нар нэр дэвших нь гэсэн шуум гадуур явсаар...
Гэхдээ шуудайнд хийсэн үхрийн эвэр аятай дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй байх эрсдэл өндөр. Оролцсон ч амжилттай оролцох нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг АН-д олон нийт өгч байна.
Ямар ч байсан өнөөдрөөс эхлэн нэр дэвшихээр горилогчдын саналыг авч, тавдугаар сарын 1-нд санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулна гэж Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудастаа бичжээ.