АН ХААШАА НҮҮХ ВЭ?
Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэж өгсөн. “Ардчилсан намын шинэчлэлийг эхлүүлнэ” гэсэн зорилт нь ийнхүү ялагдлаар төгсөв. Өдгөө түүний үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан орлон гүйцэтгэж, намын даргын сунгааг эхлүүллээ. Даргагүйн зовлон ирэх сарын 23-наас өмнө шийдэгдэнэ.
Харин шинэ дарга тодормогц АН С.Эрдэнийн эзэмшлийн “Шонхор тауэр”-аас гарч байргүйн зовлон эхэлнэ. Одоогоор хэн дарга болохыг таашгүй. Тэгэхээр АН хаашаа нүүх нь тодорхойгүй. Ер нь энэ намд тодорхой, ойлгомжтой зүйл нэг ч байсангүй. Шинэчлэл гэж бусдаас илүү ярьдаг ч хамгийн шинэчлэгдээгүй нам байж ирэв.
АН ард түмний захиалгаар хэмээн зорилгоо тодорхойлж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, ардчиллын үнэт зүйлсийг агуулж гарч ирсэн. Тэр үеийн залуус ч эрх чөлөөнд тулгуурлаж гарч ирсэн. Түүнээс ямар нэг албан тушаалд хүрье, баян болъё гэж бодож, сэтгэж байгаагүй байх. Харин зорилгоо хэрэгжүүлэх явцад хувьчлал нэрээр цөөн хүн баяжиж, улмаар ингэж болдог юм байна гэсэн санаа сууж, эрх мэдлийн төлөөх зодоонд татагдан орсон байх. Тиймээс өнөө хүртэл дотооддоо дарга болж эрх ямба эдлэх гэсэн мөнхийн зодоонтой. Тойрсон асуудлаа олж харж шийдэл гаргаж цэгцэрч чадалгүй явж ирлээ. Уг нь АН яг одоо дарга хайж байхаар эхлээд орох байраа хайх хэрэгтэй байна даа.
АН “хүзүүвч”-ээ хэнд зүүлгээд алдчихав...
Ардчилсан нам анх байрлаж байсан СТӨ-ний “хүзүүвч”-ээ хэний толгойд зүүлгээд алдчихсан юм бол. Төрийн өмчийн тэр байр уг нь АН-ын өмч биш, өв залгамжлах эрхгүй ч гэсэн тэд удтал төвхнөж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл 2013 оноос “Н.Алтанхуяг зарчихсан”, “З.Энхболд зувчуулсан” гэж хэсэг шуугиад эцэст нь АН байргүй болж Төв шуудангийн өмнөх ногоон байшинд толгой хоргодох болсон. С.Эрдэнэ дарга болсноор өөрийн эзэмшлийн “Шонхор тауэр”-т авч орсон. АН-ын экс дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “Хүзүүвч”-ийг алга болгосон асуудал надад хамаагүй Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь хоёр мэднэ” гэдэг.
“Хүзүүвч” гэж нэршсэн СТӨ-ний тэрхүү таславч хэсгийн түүхийг сөхвөл 1990 онд анх Социал Демократ намд төрөөс олгосон байдаг.Түүнчлэн Төв шуудангийн урд талд өдгөө АН-н мэдээ, мэдээллийн төв болгон ашиглаж байгаа ногоон байшинг Шинэ дэвшил холбоонд, Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд Монголын ардчилсан холбооны одоогийн байгаа байрыг МоАХ-нд тус, тус олгосон байна. Харин Ардчилсан Оюутны холбоонд байр олгосон баримт алга, оюутнууд гээд төр, засгийн зүгээс тоогоогүй юм болов уу даа. 2000 онд ардчилсан угшилтай намууд нэгдэж АН-ыг байгуулахад “өмч хөрөнгөө нэгтгэнэ” гэсэн дүрмийн дагуу Социал Демократ нам байраа өгснөөр АН СТӨ-ний “хүзүүвч”-нд төхнөсөн түүхтэй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд АН-ын “Хүзүүвч” хэмээх байр байсан хэсэг гадуураа хашаатай байсаар ирлээ.
Ийнхүү огт хөдөлгөхгүй байлгаж ирсэн нь хэн нэгэн этгээд “но”-той байдлаар өмчилж авсан, хууль бус наймаа явагдсан байж болзошгүй гэсэн үг. Шалгавал олон зүйл тодорхой болох биз ээ. АН өөрийн гэсэн байртай болох тухайд намын даргын хэмжээлшгүй эрх мэдлийг авахдаа өгсөн С.Эрдэнийн амлалтыг нэхэж бас болох юм. Тэрээр “Намаа шинэ байртай болгоно” гэж Яармагт 10 давхар оффисын шав тавьж тууз хайчилсныг дагаад багагүй хөрөнгө оруулалт орж ирсэн гэх мэдээлэл гарч байсныг АН-ын гишүүд мартаагүй байлтай.
Даргыгаа биш дүрмээ өөрчилвөл...
Дотоод асуудлаа цэгцэлж, тойрсон бэрхшээлээ ч шийдэж чадалгүйгээр АН толгойд байгаа ганц хүнээ өөрчлөх гэж зүтгэдэгт л гол зовлон нь оршдог. Одоо ч тэр зовлон нь ид буцалж байна. Намын дарга гэгч нөхөр сонгууль болохоор 100 саяын дэнчин нэхлээ. Хэнийг хаана нэр дэвшүүлэхийг ганцаараа шийдчихлээ. Тэрнээс нь болж манай нам сонгуульд ялагдчихлаа гэлцэн харааж зүхэж, өөрчилнө гэх.
Тэгээд өөрчилдөг ч зовлон бахь байдгаараа үргэлжилдэг. Намын даргыг сонгож баталгаажуулсан бол дахиж өөрчлөх ямар ч боломжгүй, АН-ын дүрэм тийм. Уг нь даргыгаа өөрчилнө гэж байхаар эхлээд даргынхаа хэмжээлшгүй эрх мэдлийг сулруулсан заалтуудыг дүрэмдээ оруулчихвал асуудлыг амархан шийдэхээр. Тоглоомын дүрэм тодорхой бол хожих, хожигдох нь ч шударга шүү дээ. Гэвч АН тэгэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болж намын даргынхаа сунгааг зарлалаа.
Энэ сонгуульд намын гишүүд нь бүгд санал өгөх эрхтэй. Гэхдээ УИХ-ын сонгуулиас ч долоон дор “хор найруулга” дор болж өнгөрдөг гэж байгаа. Намын анхан шатны байгууллага руу мөнгөтэй нэгэн очоод гишүүнчлэлийнх нь татварыг төлөөд санал багцлаад авчихдаг. АН-ын жирийн гишүүдийн өмнөөс “царцаа”-нууд намын даргыг нь сонгочихдог. Одоо ч тэр нь давтагдана. Малгай солих хэмжээний өөрчлөлт гарна.
АН ямар малгай өмсвөл гоё харагдах вэ...
Энэ удаагийн сонгуульд АН хэмх ялагдаж, УИХ-д дөнгөж 11-хэн суудал авлаа. УИХ-д хүчтэй, нөлөөтэй байя гэвэл 11 гишүүн дотроосоо дарга хайж болох юм. Энэ тохиолдолд Б.Пүрэвдорж юм уу, С.Одонтуяа нарын аль нэг байж болох. Гэтэл Б.Пүрэвдорж нь Ц.Элбэгдоржийн, С.Одонтуяа нь С.Эрдэнийн хүн гэсэн шошготой. Намын даргад өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарласан Ц.Оюунгэрэлийн хувьд эмэгтэй хүн гэдгээр нь өнцөгдүүлчихгүй бол бүх талаараа боломжтой, түүнд ийм эрх нь ч нээлттэй. Гэхдээ бас л Ерөнхийлөгч Х.Баттулга зүтгүүлж байгаа гэсэн пайзыг түүнд зүүлгэчихсэн байна лээ.
АН-ын залуу гишүүдийн нэг Норовын Тэгшбаяр “Намын даргын сунгаанд өрсөлдөнө гэчихвэл даруу биш болчих юм болов уу” гэж цахим хуудсаараа дамжуулан намын гишүүдээсээ асуусан байсан. Түүний хувьд АН-ын тун гайгүй боловсон хүчний нэг, намын дарга байж чадах боломжтой нэгэн.
Уг нь АН намын даргын сунгаа зарлахын өмнө нэг зүйлийг тодорхой болгох байлаа. Тэр нь юу вэ гэвэл УИХ-ын сонгуульд мандат авч өрсөлдөөд унасан “шороотой” нөхдүүдийг дэвшүүлэхгүй гэсэн бол зарчим бас ч гэж шударга тал руу дөхөж очно. Нөгөө нь бие даан нэр дэвшиж намынхаа саналаас хумсалсан нөхдүүдэд албан ёсоор “баяртай” гэж хэлэх ёстой байв. Хэрэв ингэсэн бол АН хаяа тусгаарласан Н.Алтанхуягтаа хадаг барих шаардлагагүй, З.Энхболд, С.Эрдэнэболд, П.Галиндэв, М.Тулгат, П.Мөнхтулга нарын хэн нь хэн бэ гэдэг ч нэг талдаа гарах байлаа.
Эд нарын дотроос З.Энхболдод нэр дэвших эрхээ булаалгасан “Хонх”-ын СЦогтсайхан агсны төрсөн ахын хүү, БЗД-ийн ИТХ-аас эхлэн шат дараатай явж ирсэн М.Тулгатыг намын даргад нэр дэвшүүлэхэд хамгийн боломжтой хувилбар, саяын сонгуульд нэр дэвшүүлсэн бол БЗД-ээс гарах байсан гэж АН-ынхан ярьж буй. УИХ-д нэр дэвшээгүй, хэвлэлээр намынхаа эсрэг олон юм ярилгүй өнөөг хүртэл томоотой сууж байгаа хоёр кандитат бол Лу.Гантөмөр, Я.Санжмятав нар.
Хэн нь ч намын даргын сунгаанд жин дарах бяртай, бас туршлагатай. АН-ын даргын сунгаанд нэр дэвших эрхмүүдийн нэрс энэ мэтээр хөвөрч байна. Хэн байх нь ирэх сарын 16 гэхэд тодорхой болж, 23-ны өдөр АН шинэ даргаа батламжлах биз ээ. Хэн ч байсан АН-ын хувьд малгай солих хэмжээний л өөрчлөлт гарна. Ямар малгай өмсвөл гоё харагдах юм бол доо...
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин