АН-ын “Жигүүр” цуцав

2014 оны 3 сарын 03

УИХ-ын гишүүн асан Х.Мурат тэргүүтнүүд өнгөрсөн өвөл Ардчилсан нам дотор жигүүр байгуулснаа зарлаж, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулж, орон гарсан гишүүдийнхээ оронд шинэ гишүүн томилох шаардлага тавьж байв. 

2012 оны УИХ-ын сонгуульд олонхи болж засаглах эрхийг гартаа авсан Ардчилсан намын хувьд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахын цаад зорилго нь намынхаа хөлийг бэхжүүлж, эзэнтэй болгоход оршсон хэрэг. Харамсалтай нь, “Жигүүр”-ийн зүгээс дээрх шаардлага тавиад бүтэн зургаан сар өнгөрөхөд намынх нь удирдлагууд ялих, шалихгүй шалтгаан тоочсоор өвлийг давж, бүр хаврыг ч үдэх төлөвтэй. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан ирэх дөрөвдүгээр сард зарлагдах тухай сураг гарсан ч бас л хойшлох нь. ҮЗХ-ны хуралдааныг шаардаж суусан “Жигүүр”-ийн зохицуулагч Х.Ганболд “Намын удирдлагуудын зүгээс ҮЗХ-г хуралдуулах саналыг ирүүлээгүй байна” гэх хувь заяатайгаа эвлэрсэн гэмээр тайлбар хийж сууна. Гэтэл орон нутаг дахь Ардчилсан намын хороо нь эзэнгүйрч, төвөөс ирж байгаа даалгаврыг гүйцэтгэх толгойгүй болчихоод байхад дээд дарга нар нь “Цаг хугацаа нь хараахан болоогүй байна” гэж хойшлуулсаар намаа хөл алдуулж буйг ухаарч байгаа болов уу.  Ядахад, эрх баригч хүчнийг овоо амь оруулах нь гэх найдвар төрүүлж байсан “Жигүүр”-ийнхний шаардлага ч цуцав. 

        Албан тушаал өгөхөд нь татгалзаж, шийр заан “Ардчилсан намаа илүү амьд хөдөлгөөнтэй болгох юм” гэсэн зөв үг  хэлж суусан нөхдүүд өнөөдөр харин дарга нарынхаа аясыг дагасан тайлбар хийх нь “Буугаад өгчихөв үү” гэх хардлагыг улам бататгах мэт. Ер нь тэгээд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, гишүүдээ шинэчилж чадахгүйгээр дарга нарынхаа аргад автах байсан юм бол “Жигүүр” байгуулж сүрийг үзүүлэх хэрэг байсан ч юм уу даа. Магадгүй тэд “Бид зүгээр суугаагүй, намын дүрмийн шинэчилсэн төсөл боловсруулсан” гэж хэлж мэднэ. Гэхдээ дүрмээ гишүүдээрээ батлуулж мөрдөж эхлээгүй цагт “Жигүүр”-ийнхний нойроо хугаслан боловсруулсан төслийн үр шим гарна гэж үү.  

Уг нь дээрх төсөлд намын гишүүдэд тавигдах шалгуурыг өндөрсгөсөн чухал заалтууд цөөнгүй бий. Тухайлбал, намын листээр УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвших Ардчилсан намын гишүүн нь намдаа 10-аас доошгүй жил идэвхитэй ажилласан байх, эсхүл Үндэсний зөвлөлдөх хороо, Хяналтын ерөнхий хороо, намын болон орон нутгийн удирдах албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангах ёстой. Мөн нэр дэвшигч нь намын нэрээр УИХ болон ИТХ-ын төлөөлөгчөөр нэг л удаа сонгогдоно. Өөрөөр хэлбэл, нэг удаа намын нэрээр УИХ, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нөхцөлд хоёр дахь удаагаа нэр дэвших эрхгүй, тойрогт өрсөлдөх боломж бол бий. Ийм шалгуурыг тавьж байгаа нь фракциуд хэн дуртайгаа нэр дэвшүүлдэг байдлыг цэгцлэх зорилготой гэж “Жигүүр”-ийн ерөнхий зохицуулагч Х.Ганболд дээрх дүрмийг боловсруулж дууссаныхаа дараа тодотгосон удаатай. 

Харамсалтай нь, Ардчилсан намын гишүүдийг “шүүлтүүр”-т оруулж шигшмэл аавын хүүхдүүдийг УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх “виз” олгох дүрмийн төсөл цейфэнд ороод мартагдах янзтай. 

Хийсгэж чадахгүй юм бол салхи гарахын хэрэг юусан билээ гэдэг шиг намынхаа дүрмийг батлуулж чадахгүйгээр “Жигүүр” цуцчихаар цаашид яаж “амьдарна” даа. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618
0 эможи
keyboard_arrow_up