МАН-ын Бага хурлаас 21 гишүүнийг хасаж, ТҮР ЗАВСАРЛАЛАА
МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Тэгвэл яг одоо хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар гишүүдээс санал авч, Бага хурал дөнгөж сая завсарлалаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, хурал завсарлахаас өмнө намын дүрэм зөрчсөн, хариуцлага алдсан, намын ажилд идэвхтэй оролцдоггүй гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнээс хасчээ. Энэ дунд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Н.Номтойбаярыг Бага хурлын гишүүнээс чөлөөлж байгааг мэдэгджээ. Мөн хасагдсан хүмүүс дотор УИХ-ын гишүүн Д.Ганболд багтсан байна.
Энэ удаагийн хуралдаанаараа МАН УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм.
МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэрийг маргааш 11.00 цагт албан ёсоор зарлахаар болжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь өөрийн багийн, нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг сонгуульд авч орохоо мэдэгдэж байв.