Иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чин гишүүд КВОТ ГОРИЛСООР...

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

УИХ-ын 2020 оны сонгууль болоход нэг сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн сонгууль урьд урьдынхаас илүү хэрүүл маргаантай болох нь тодорхой болсон. Эрх баригч МАН-ын хувьд иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ, концессын хэрэгт холбогдсон гишүүдээ дахин нэр дэвшүүлбэл амжилт олохгүй нь тодорхой болсон.

Үүнээс гадна ХЭДСан, ЖДҮ-ийн хэрэг гэж томоохон асуудал бий. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч ЖДҮ-гээс зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй тухай ам алдаж байсан удаатай. Тиймээс уг амлалтаа биелүүлэх, ЖДҮ-чин гишүүдээ аль болох нэр дэвшүүлэхгүй байх тал дээр анхаарч байгааг зарим эх сурвалжууд хэлж байна. 

ХЭДСан, ЖДҮ-чдыг зээлийн асуудлаас мултарч ЦАГААДАГСАД, зээл аваад ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨГСӨД, буруугаа хүлээж ШҮҮГДЭГСЭД, хэзээ мөдгүй ХЭЦҮҮДЭГСЭД гэж дөрөв ангилалд оруулж буй.

ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮ-гийн Дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Т.Солтан нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж урьдчилсан байдлаар тогтсон хэмээх мэдээлэл байна. Гэтэл зарим ЖДҮ-чид маань УИХ-д нэр дэвшихээр горилж, бүр намын даргаасаа мандат гуйж яваад байна.

Тэгвэл одоо  ЖДҮХС-ийн зээлээс шууд хамааралтай буюу өөрийн болон гэр бүлийн ойр дотны хүмүүстээ зээл авч өгсөн хүмүүст намын дарга нь мандат өгөхгүй байж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэд дээрх дөрвөн гишүүнээр тогтохгүй.

Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг Н.Оюундарь, Н.Учрал, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Батзориг, Б.Наранхүү, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, Л.Энхболд, Д.Дамба-Очир гэсэн 20 гаруй нэрс ар араасаа хөвөрнө.

ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүд:

Arslan.mn

Ганцхан жишээ татахад, 2016-2017 онд УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гийн мөнгийг нэг гараараа ах дүү, хамаарал бүхий компанидаа шилжүүлэхийг үүрэгдэж суусан бол нөгөө гараараа тус онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог зээлийг албан тушаалаа ашиглан танил талдаа шийдвэрлүүлжээ.  

Учир нь, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2016-2017 онд албан тушаал, эрх мэдлээ ашиглан зориулалтын бусаар, тендергүйгээр нэр бүхий компаниудад зээл олгосон хэргээр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.

Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд албан тушаал эрх мэдлээ ашиглан танил тал, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ ЖДҮХС-гаас бага хүүтэй, их хэмжээний зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд ил болсон.

Тэгвэл тэд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэйгээр олгодог 40-200 сая төгрөг хүртэлх зээлийг ах дүү, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй эмэгтэй гишүүдийг танилцуулъя.

  1. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг нь ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байна.   
  2. УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ. 
  3. УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх хэмээн АТГ-аас шалгаж байна. 
  4. УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой
  5. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон Улсын Академи” ТББ-ийг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байна. 
  6. УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаа нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харъяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. 

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтай...

Эдгээр нэр бүхий хүмүүс ч өөрсдийн нэр дэвших эрхийн төлөө зүгээр суухгүй гэдэг тодорхой. Тиймээс улстөрийн томоохон хэрүүл шуугиан эхэлж байна гэсэн үг. Ийнхүү УИХ-ын 2020 оны сонгуулийн улстөржилт гаарч эхэллээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд, нэрнийх нь урдаас “гишүүн” гэх тодотголыг нь авчихад л хэзээ мөдгүй “аавын хаалга” татахад бэлэн болчихсон хүмүүс юм уг нь.  Гэтэл гишүүн гэдэг үгийг нэрнээсээ салгах дургүй бүр улс төрд дахин горилохоор санаархаж явна, тэд.

Үргэлжлэл бий. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
10
616980
12 эможи
keyboard_arrow_up